Шадар сайд С.Амарсайхан Монголбанк, Хаан, Төрийн банкны удирдлагуудтай уулзаж, малчдын зээлийг 06 дүгээр сарын нэгэн хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин сошиалд малчдын зээлийг тэглэж, хүүг нь чөлөөл гэх зэргээр яриа гаргаж эхэлсэн. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Малчид зээлээ тэглүүлэх, хүүг нь чөлөөлүүлэх талаар огт яриагүй. Зөвхөн төлөлтийг хойшлуулж өгөхийг хүсэж байна. Энэ хүсэлтийн дагуу холбогдох банкуудтай уулзаж, 06 дүгээр сарын 01 хүртэл Төрийн банк 85 000 малчны зээлийн төлөлтийг хойшуулахаар болсон. Хаан банк ч ялгаагүй. 

Одоогоор малчдын зээлийг тэглэх, чөлөөлөх асуудал яригдаагүй. Тийм боломж хомс байгаа" хэмээн тайлбар хийв.

Манай улсын 190 гаруй мянган малчны 141 000 нь Хаан, Төрийн банкинд 1.2 их наяд төгрөгийн зээлтэй аж. Зээлийн дундаж хүү 21 хувь, дээд хэмжээ нь 50 сая төгрөг юм байна.