"Байр суурь" булангаараа үе үеийн хотын дарга нарын метротой, агаарын дүүжин тээвэртэй болгоод өгчихсөн байх амлалтууддаа юу гэж өгүүлж байсныг онцлон хүргэе.

Нийслэлчүүд бид одоогоос дөрвөн жилийн өмнө метротой болж, 3 дахь жилдээ агаарын дүүжин тээврээр зорчиж байх байжээ.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар хотын иргэд 2020 он гэхэд метрогоор зорчино. Түгжрэлийг мартана" хэмээсэн. Гэвч түүний амлалт яриа төдийгөөр л өнгөрсөн юм. Хэрэгжүүлж чадаагүйгээ сонгуульд ялагдсан гэж өөрөөсөө энэ асуудлыг түлхсэн гэхэд болно. 

Түүний тавих метро Амгалан-Толгойт хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байхаар зураг төсөл нь гарч байв. Гол нь Улаанбаатар хот метротой болсноор авто замын түгжрэл 20 хувь буурч, нийтийн тээврийн ачааллыг 87 хувь хөнгөлж, жилд давхардсан тоогоор 216 сая хүн зорчих боломжтой гэсэн тооцоолол гаргасан нь нийслэлчүүдийн магнайг тэнийлгэсэн мэдээ байлаа. 

Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  2013 оны тавдугаар сарын 17-ны өдөр "Улаанбаатар  метро” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад өргөн барив. Ингэхдээ,  Улаанбаатарт 17.7 км урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 саяыг, үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой. Ойролцоогоор 150  мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлнэ” гэж олон нийтэд зарлаж байсан юм.

Бүүр тухайн оныхоо зургаадугаар сард Амгалан-Толгойт хүртэлх 17.7 км “Улаанбаатар метро”-ны шугамыг тэмдэгжүүлэх ёслол хүртэл хийгээд Баянзүрх дүүргийн X дугаар хороо,  Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гармын дэргэд нэг, Сонгинохайрхан дүүргийн XXIX дүгээр хороо, “Драгон” авто вокзалын баруун талд нэг өртөөний самбар байршуулсан байдаг. Ингэж л бид метротой болох үлгэрийн эхлэлийг сонсож байсан билээ. 

-Метротой болох үлгэрийг одоо Х.Нямбаатар үргэлжлүүлж байна-

Тэрбээр, Метро барих тендерээ зарлана, намайг мохооно гэвэл бүтэхгүй хэмээн мэдэгдэв. Х.Нямбаатар “Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна. Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэж мэдэгдэв.

Нийслэлийн зүгээс метро байгуулах ажлыг энэ ондоо багтаан эхэлж, 2028 онд ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдсэн билээ. Урьдчилсан байдлаар 560 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоод байгаа аж.

-Гурав дахь жилдээ агаарын дүүжин тээврээр зорчиж буй Нийслэлчүүд хэмээгдэх байлаа-

Үе үеийн хотын дарга нар түгжрэлийг шийдэх ганган сайхан уриа лоозонтой аижл эхлүүлж байсан нь мертогоороо дуусахгүй ээ. С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны зургаадугаар сард БАЯНХОШУУ, ХАНЫН МАТЕРИАЛ чиглэлд агаарын дүүжин тээвэр явж эхэлнэ хэмээж байв. Түүний хэлснээр бид гурав дахь жилдээ агаарын дүүжин тээврээр зорчоод зам дээр түгжирч хамаг цагаа үрэхгүй байх байжээ. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн кабинуудыг нийтэд танилцуулж Францын Засгийн газрын 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөгийн зээлээр “Агаарын дүүжин тээвэр” үйлчилгээг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах болсноо зарлаж байлаа. 

Уг өдрөөс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы А/198 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, “Агаарын дүүжин тээвэр” төслийн бэлтгэлийг хангаж эхэлсэн байдаг. “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээ нь нийт 157 кабинтай, нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, хүлээлгийн хугацаа нь 3-5 минут буюу цагт 3000 зорчигч, жилд 3,2 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хэмээн ярьж байв. 

С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээний тухай “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4.9 км, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэл 2.9 км тус тус агаарын зам барьж, дүүжин тээвэр явуулна. Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” гэж тухайн үедээ олон нийтэд мэдээлэл өгч байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү ажил нь эхлээгүй "үлгэр" хэвээр цаасан дээр хэвтсээр байна. 

Түүний эл ажлыг Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байх хугацаандаа ч мөн ялгаагүй ярьсан. 2020 оны  дөрөвдүгээр сард ТЭЗҮ нь батлагдаад, барилгын ажил нь эхэлчихсэн байна гэсэн дүүжин тээврийн бараа нь ч харагдаж амжаагүй байхад тэр суудлаасаа огцорсон. Харин Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг сураг ч сонсогдсонгүй тасарч урьдчилгаа төлбөр  22 тэрбум төгрөг улсын төсвөөс гарсан гарлагатай л үлджээ.

Тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазараас энэхүү төсвийн талаар тодруулахад "Надад хамааралгүй. Дүүжин тээврийг  хариуцаж байгаа хүмүүсээс нь асуу. Дүүжин тээврийн асуудал ярьж байх үед би Засгийн газрын гишүүн байсан. Техник эдийн засгийн  үндэслэлийг нь хариуцаж байгаа мэргэжлийн орлогч нараас нь асуу. Би худлаа ярьж болохгүй. Ойлгов уу" гэж хариулж байжээ.