Улаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнд өчигдөр оройноос эхлэн өөрчлөлт оруулаад байсан. Уг зохицуулалт хийгдсэнээр өнөөдөр 07:20 цагийн орчимд Төв шуудангийн уулзварт түгжрэл үүсээд байна хэмээн иргэд бухимдах болсон. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгчээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа бичихдээ,

"Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, асуудал эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.

“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.