Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашин угаалгын газрын менежер Н “Үл тоосон" гэх шалтгаанаар ажилтныхаа биед гэмтэл учруулжээ.

Тодруулбал, ажилтан Б-ийг “үл тоосон” гэсэн шалтгаанаар боож унагах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодон, эрүүл мэндэд нь хүзүүнд зулгаралт, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгт шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч. Н-г Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Н-г 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Хуульд зааснаар, торгох ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.

 

 

Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн