Хүүхэд бүрд сард 100,000 төгрөг олгох журамд өнөөдөр өөрчлөлт оруулжээ.

Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа "Улсын хэмжээнд 20 байгууллагын халамж асрамжийн 29 төвд 0-18 насны 924 хүүхэд бий. Эдгээр хүүхдээс 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг өөрсдийн дугуйлан, хөгжлийн үйлчилгээнд зарцуулах эрхийг нээж байна. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байгаа юм.

Түүнээс гадна асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхэд байлаа гэхэд бараг таван сая төгрөгийн хуримтлал үүсдэг. Гэтэл зарим эцэг эх энэхүү мөнгөн хуримтлал үүсэхээр хүүхдээ авч, мөнгийг нь үрж дуусгаад буцаагаад асрамжийн төвд авчирдаг. Тиймээс асрамжийн төвд байдаг хүүхдийнхээ хуримтлалын мөнгийг эцэг эх нь зарцуулах эрхийг хаалаа" гэв.