2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж ирсэн 27 настай, эрэгтэй Т.Г-ыг тухайн үед жижүүрт ажиллаж байсан эмч тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, хөөж загнасан талаарх ташаа мэдээллийг залруулж, албан ёсны тайлбарыг хүргэж байна.

Анх 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр ГССҮТ-д тээвэрлэгдэж ирсэн тус үйлчлүүлэгч нь Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, тархины мэс засал болон мөчдийн хугарлыг бэхлэх засал эмчилгээ хийлгэн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан билээ.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал мэс засал болон эмийн эмчилгээнд сайжирч, тогтворжсон тул харьяа дүүргийн эмнэлгийн хяналтанд шилжүүлж, эмчлэгч эмчийн зүгээс цаашид нөхөн сэргээх болон асаргаа сувилгааны талаарх эмнэлзүйн зөвлөгөөг ар гэрийнхэнд нь өгч эмнэлгээс гаргасан юм.

Харин 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01:00 цагийн үед ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлэн, Толгойн мэс заслын тасгийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авсан тухайн үйлчлүүлэгчид одоогоор хийгдэх мэс засал эмчилгээ үгүй тул хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэн ар гэрт нь буцаасан.

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тухайн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэлгүй, хөөж загнасан гэх мэтээр ямар ч баримт нотолгоогүй, худал ташаа мэдээлэл цацагдаж буй нь иргэд олон нийтийг төөрөгдөлд оруулах, цаашлаад ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэр хүндэд ноцтойгоор халдсан асуудал болж байна.

Эмнэлгийн зүгээс тухайн үйлчлүүлэгчтэй таагүй харилцах, хөөж загнасан асуудал огт байхгүй, ар гэрийнхэн болон асран хамгаалагчид нь хэрэгцээт зөвлөгөө мэдээллийг өгч ойлголцсон нь баримтаар нотлогдох тул дээрх ташаа мэдээллийг няцааж байна.

Уг үйлчлүүлэгчийн Эрүүл мэндийн даатгал /ЭМД/ болон хандив тусламжтай холбоотой асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй хамааралгүй болно.