Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ барилгыг улсын комисс өчигдөр/2024.03.20/ ашиглалтад хүлээж авчээ.

Сургуулийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Морин сувд констракшн" ХХК гүйцэтгэсэн байна. Барилгын ажилд улсаас 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн аж.

12 дугаар сургуулийн хуучин барилга нь 1963 онд баригдсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. 2022 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн ч тус сургуулийн дунд, ахлах ангийн 3,300 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байгааг сургуулийн захирал хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл гурван жилийн дараа тэд сургуулийн шинэ байрандаа хичээллэх юм.

Тус барилга нь А, Б, В блок бүхий 3-4 давхраас бүрдэнэ. Бага, ахлах гэсэн хоёр спорт заал, урлаг заал, хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай аж.