"Нэг  иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой ч өрхийн эмнэлгээс хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус.

Тиймээс хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зайлшгүй үзүүлэх болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас олгодог тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн" гэж ЭМ-ийн сайд С.Чинзориг мэдэгджээ.

Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор нийт 9.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5.1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах юм байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих  чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2.2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төв байна.