Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа. 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт холбогдох 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг бүхэлд нь хүчингүй болгожээ. 

Уг хэргийн талаар эргэн сануулвал, 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.