Оросын РИА Новости агентлаг өчигдөр Москвагийн террорист халдлагыг үйлдсэн гэх хүмүүсийг байцаалтын дүрс бичлэгийг нийтэд цацжээ.

Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) өмнө нь халдлагатай холбогдуулан 11 хүнийг баривчилсны дөрөв нь халдлагыг гүйцэтгэсэн хүмүүс байсныг мэдээлж байв.

РИА Новости агентлагийн цацсан нэг дүрс бичлэгт газарт хэвтүүлээд үснээс нь зулгаан камер руу харуулсан эрэгтэйг үзүүлжээ.

Тэрбээр Турк улсад байхдаа визийн хугацаа дууссан тул хил давж ирснээ мэдүүлж байв. Дараа нь тэр өөрийгөө 1998 оны есдүгээр сарын 17-нд төрсөн Шамсутдин Фариддун гэж танилцуулжээ.

Оросын хэвлэлүүд халдлагыг Тажикистаны иргэд үйлдсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.

Фариддунаас “Крокуст юу хийсэн бэ?” гэж асуухад “Мөнгө авч хүмүүсийг буудсан” хэмээн хариулжээ.

Дараа нь тэр халдлагыг үйлдэх нэг сая рублийн ($10,800) захиалгыг хэн нэгнээс авсан, мөнгөний талыг нь картаар урьдчилж авснаа ярьсан байна.

Фариддун хэнээс захиалга авснаа мэдэхгүй, Телеграм сүлжээгээр үл таних хүнтэй харилцсанаа ярьжээ.

РИА Новости агентлагийн тараасан өөр нэг дүрс бичлэгт орос хэл мэдэхгүй, орчуулагчтай мэдүүлэг өгч буй тажик хүнийг үзүүлсэн байна.

Тэрбээр бусад халдлага үйлдсэн хүмүүстэй хамт нэг буурчийн газарт амьдарч байсан, Абдулло, Мухаммад гэсэн нэртэй хүмүүстэй харилцсан гэж мэдүүлжээ.

Гурав дахь дүрс бичлэгт өөрийгөө Ражаб Ализадех гэж танилцуулсан бас нэг эрэгтэй байцаалгаж байгааг харуулсан байна.

Нүүр, өмссөн хувцас нь цус болж, толгойгоо боосон тэрбээр халдлагад ашигласан зэвсгээ зугтах замдаа хаясан, гэхдээ хаана хаяснаа санахгүй байгааг ярьжээ.

Өчигдөр сошиал орчинд тарсан өөр нэг батлагдаагүй дүрс бичлэгт Оросын тусгай албаныхан Ализадехын чихийг огтолж байгааг харуулсан юм. Толгойгоо боосон нь үүнтэй холбоотой бололтой.

РИА Новости агентлагийн тараасан дүрс бичлэгүүд бодитой эсэхийг батлах боломжгүй байна. ФСБ өмнө нь байцаалтын шатны дүрс бичлэгийг нийтэд тарааж байсан түүхтэй.

Баасан гарагийн орой Москвагийн захад оршдог “Crocus City Hall” төвд болсон зэвсэгт халдлагын улмаас 133 хүн алагдаж, 115 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа. Тэдний тав нь хүүхэд, нэгийнх нь биеийн байдал хүнд байгааг ОХУ-ын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдээлжээ.

110 насанд хүрэгчдийн 60-ынх нь биеийн байдал бас хүнд байгааг сайд мэдээлсэн юм.