УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт 51.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Цэцэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслөөр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан билээ. Цэцийн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжээгүй гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Цэцийн тухай хуулийг парламент хэлэлцэж эхэлсэн.  Энэ талаар ярих гэж байна. Чиний нэр тэр дотор байна лээ, юугаа ярих гэж байгаа юм гэж  магадгүй.  Би анх ажлын хэсэгт нь орж ажиллая гэсэн юм.  Цэц өөрөө иргэний үндсэн эрхийн маргааныг шийддэг байгууллага болно гэсэн том концепц явж байсан учраас би ажлын хэсэгт орж ажиллая гэсэн.  Гэтэл олигтой хэлэлцсэн юм байхгүй хурдтай явсаар УИХ руу орчихлоо.  Тийм болохоор би гарын үсэг зураагүй. Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт хоёр гарын үсэг зурж ороод хэлэлцэж байна.  Би одоо нэг ёр шиг нэг юм хэлчихмээр байна.  Та нар анхаар даа.  Ийм морин дэл дээгүүр цэцийн хууль явж байна.  Ямар хуулийг явуулах уу, ямар хуулийг явуулахгүй вэ гэдгийг  УИХ-ын дарга шийддэг. Ийм зүйл рүү явчих вий дээ.  Сая би Ц.Мөнх-Оргил гишүүнтэй ярилаа.  Юу нь болохгүй байгаа юм гэж надаас асуугаад байх юм .  Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэхээр хэн нэгнийг түдгэлзүүлж байгаад хулгай луйвраа хийх нь.  Цэцийн бие даасан байдалд халдах ийм хууль орж ирлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Цэцийн хуулийн төслийг нам үл харгалзан, дэмжих зайлшгүй шаардлагатай байна. 1992 оны Үндсэн хуулиас хойшхи 30 жилд төрийн эрх мэдлийн институтын тэнцэл болон тодорхой асуудлаарх алдаа оноогоо дэнсэлж Үндсэн хуулиа өөрчилсөн.  Манай эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид энэ талаар нэлээд олон жил ярьж ирсэн.  Тиймээс та бүхэн дэмжээд энэ өөрчлөлтийг хийх ёстой шүү. 

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бүлгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчидтай уулзаж, ярилцсан.  Эмзэглэсэн асуудал олон байна.  Энэ том хуулийн концепцыг энэ цаг үед яаран сандран хэлэлцэх хэрэггүй. Тэгэхээр манай бүлэг энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна.  Олонх хуулиа хэлэлцээд батлах нь та бүхний эрх мэдлийн асуудал.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийг  нэлээд нягт нямбай хэлэлцэж, долоо хэмжиж нэг батлах хууль л даа. Хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц дээр ярьдаг болъё гэдэг бол зөв зүйтэй асуудал.  Бидний ярих ёстой батлах ёстой агуулга мөн.  Гэхдээ өнөөдөр ингэж түргэн түүхий ярьж боломгүй байна.  Тэр тусмаа эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад та нар дангаараа баталмааргүй байна.  Уг нь үүнд олон нийтийн олон намын хууль тогтоогчдын бүгдийнх нь оролцоо чухал биш юм уу.  Энэ маягаараа хүчиндэж болохгүй.  Үндсэн хуулиа өөрийг нь зөрчиж байгаа асуудал ч байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Улсын бага хурлаар 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль үндсэн чиг үүргээ гүйцэтгэсэн. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчиж үү, үгүй юу гэдэг асуудлаар л шийдвэр гаргах болчихоод  байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдлөө гэдэг асуудлыг Цэцэд өгч байх нь зөв. МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үзсэн. 300 гаруй хуульд тусгайлан судалгаа хийж, хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байна гэсэн дүгнэлт гарсан учраас энэ асуудал явж байгаа. УИХ, Засгийн газарт байсан гишүүд Цэцэд очиж болохгүй гэдэг заалт буруу бол өөрчилж болно. Үгээ хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх, жагсан нэгдэх эрх, шударга шүүхээр шүүлгүүлэх эрх хангагдахгүй байна гэдгийг олон жил харлаа. Цэц энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэхгүй бол болохгүй байна. Үнэхээр ардчилсан улс юм бол хүний суурь эрхийг хөндөж болохгүй. Доторх заалтыг хэлэлцүүлгийнх нь шатанд өөрчилж болно.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ардчилсан нам уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага аваад завсарлагын хугацаа дууссан. Гэсэн хэдий ч хэлэлцэх эсэх асуудалд оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу олонхоороо асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг нь дэмжиж, Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд хоёр санал хэлж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Үндсэн хуульд зөвхөн эгүүлэн татах талаар заасан байхад ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг нарийвчлан оруулж ирлээ гэж яриад байгаа юм. Гэтэл яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудал тусгагдсан. Нэг ёсондоо энэ заалт 32 жилийн турш одоо ч хүчинтэй байгаа зүйл.

Өөрөөр хэлбэл, 32 жил хэрэгжсэн заалтыг тэр чигээр нь оруулаад ирэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн ямар нэгэн асуудалд орооцолдсон тохиолдолд нарийвчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөхгүй бол ҮХЦ-ийн гишүүний халдашгүй бүрэн эрхийг хамгаалж байгаа асуудал.

ҮХЦ-ийн гишүүн төрийн өндөр дээд албан тушаалтнаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх магадлал өндөр байдаг. ҮХЦ-ийн гишүүд нарийн, эмзэг шийдвэр гаргадаг учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй байдлыг хамгаалахгүй бол аюултай байдал үүснэ. Энэ асуудлыг буруугаар ойлгочихоод байгаа юм. Хоёрдугаарт, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь дээд шүүхээс санал болгодог. Улсын дээд шүүхээс санал болгосон хүнийг УИХ хэлэлцээд томилох эсэхийг шийдвэрлэдэг. Тэгвэл одоо өргөн барьсан хуулийн төсөл дээр Улсын дээд шүүхийн шүүгчид ҮХЦ-ийн гишүүнээр томилох хүнээ гаднаас хайж байхаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо нэрийг нь дэвшүүлдэг байх зүйл заалт оруулсан.