Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ. Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургуульд “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага ирсэн байна. 

Түргэн тусламжийн баг очиход 3 насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байсан. 

Улмаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ-д хүргэгдсэн гэх мэдээлэл цацагдав.

Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн" гэлээ. 

Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм байна. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд цаг гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шаардлагатай анхны тусламж авсны дараагаар нэгдсэн шинжилгээ өгөх аж.