Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.

Тодруулбал, 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хүчиндэх гэмт хэрэг үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил таван сарын ял авч байжээ. Иргэн Т 1993 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 423-р ангид хорих ял эдэлж байхдаа оргосон байна. Тус иргэнийг Цагдаагийн байгууллага Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.

Т нь 2003 онд Улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн өвөөгийн нэрээр овоглож нэрээ өөрчилжээ. Тухайн этгээд оргон зайлсан хугацаандаа бэлгийн дур хүслээ хангах гэмт хэргийг хоёр удаа үйлдэж, шүүхээс таван жилийн хорих ял шийтгэгдсэн боловч өвчний улмаас нэг жил 1 сарын хорих ял эдлэн чөлөөлөгджээ.  

Одоо түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.