П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн хурлаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа. Өмнө нь гадаадын шилдэг их дээд сургуульд тэнцсэн бол зээл олгодог байсан. Шинэчилсэн журмаар 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд зээл олгоно.
Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжинэ мөн орон нутгийн суралцагчдад тэгш боломж олгоно гэж харж байна. Түүнчлэн зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгсөн. Их сургуулиа дуусгаад гадаадад гурав хүртэл жил ажиллаад ирж болно.
Эдгээр шийдвэрийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж харж байна" гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах байдлаар танилцууллаа
Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх гурван тогтоолыг Булган аймагт болсон бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулж байгааг тэрбээр хэллээ.
Үргэлжлүүлэн "Хойд бүсийн зөвлөлийн түвшинд таван салбар хуралдаан зохион байгуулж нийт 190 гаруй санал, зөвлөмжийг иргэдийн зүгээс гаргасан.
Энэ хүрээнд
- Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай
- Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай
- Хойд бүсэд үйлдвэр, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай гэсэн Засгийн газрын гурван тогтоолын төслийг Булган аймагт баталсан.
Эдгээр тогтоолын төслүүдэд холбогдох яамдын саналыг тусгаад албажуулж байна.
Үүнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Рашаант, Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлээд Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан, Баян-Агт болон Гурванбулаг, Элсэн тасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулахаар шийдсэн" гэв.
Мөн "Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, ААН-үүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ирэх долоо хоногт дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тогтоолоор энэ асуудлыг албажуулахаар шийдвэрлэсэн.
Булган аймгийн хөгжимт бүжгийн театр, Хөвсгөл аймгийн хөгжимт Драмын театрын барилга барих төсөл арга хэмжээг ирэх оны төсөвт суулгаж, бэлтгэл ажлыг хангуулахаар шийдвэрлэсэн" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярилаа.
Зочин · 1 цагийн өмнө
SEXSDI80955877