Б.Эрдэнэсувд: Миний үеийнхэн, надаас дүү хүүхдүүд аав, ээжээсээ их зүйлийг нуудаг нь буруу санагддаг
4 цагийн өмнө
“Miss World-Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар шалгарч дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй Б.Эрдэнэсувдтай ярилцлаа. Тэрбээр өдгөө МУИС-д улс төр судлал болон хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа аж.
-“Miss World-Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар шалгарч титмээ гардан авах үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үндэсний ялагчаар шалгарч, титэм зүүх явцыг илэрхийлэхэд үг дутаж байна. Тухайн үед хоолой чичирч, үнэхээр их сандарч догдолсон. Ер нь л хүний мэдэрч болох бүх мэдрэмжийг тэр мөчүүдэд мэдэрсэн дээ.
-Та “Miss World-Mongolia” тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Хоёр дахь удаагаа оролцож байна. Анх 2023 онд оролцож байсан. Тэмцээнд орохын тулд эхлээд анкет бөглөдөг. Эхний удаад ээж маань миний өмнөөс анкет бөглөчихсөн байсан.
Би ч түүнийг нь мэдээгүй байсан. Гэтэл ээж маань нэг өдөр “Хоёулаа нэг газар луу яваад ирье” гэхээр нь дагаад явтал “Miss World-Mongolia” тэмцээний ярилцлагын шалгаруулалт дээр очсон. Ингээд ярилцлагад орж, шилдэг хорийн нэгээр сонгогдож, сар гаруй хугацааны туршид бэлтгэгдсэн. Тус тэмцээнд ийн оролцож, “2nd Runner-Up” өргөмжлөл авсан. Энэ тэмцээнд оролцоно гэдэг тайзан дээр нэг л өдөр гараад дуусчихдаг юм биш. Харин энэ жил “Miss World” буюу Дэлхийн миссийн цаг хугацаа маш шахуу тавигдсан учраас үндэсний ялагчаа хурдан шалгаруулсан.
-Та хаана төрж, өссөн бэ. Аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав, ээж маань хоёулаа Архангай аймгийн харьяатай хүмүүс байдаг. Аав маань Батцэнгэл сум, ээж маань Хайрхан суманд төрж өссөн. Аав маань улсын харцага цолтой Гэлэгжамцын Батбаяр гэж бөх хүн бий. Би нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. Намайг титмээ гардаж аваад, тайзнаас буугаад иртэл хоёр дүү маань уйлчихсан зогсож байсан. Бид гурав эгч дүү гэхээсээ илүү нэг үеийнхэн юм шиг л байдаг.
-Таны анхны тайз хаана байсан бэ. Тухайн үед танд ямар мэдрэмж төрж байв?
-Одоогоос долоон жилийн өмнө 15 настайдаа “Swarovski” брэндийн шинэ загварын танилцуулга Хүүхдийн зуугийн “Наран”-д болж байхад загвар өмсөж байсан. 15 настайдаа тайзан дээр гарна гэдэг миний хувьд маш том сорилт байсан. Хэдий өсгийтэй гуталтай мэргэжлийн алхдаг болсон ч тэр олон камер, хүмүүсийн дунд алхахад үнэхээр ер бусын санагдсан.
-Та МУИС-д улс төр судлал болон эрх зүйн чиглэлээр суралцдаг юм билээ. Энэ хос чиглэлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?
-Би арван жилдээ Нийгмийн ухааны хичээлдээ илүү дуртай байсан. Тэр үеэсээ л МУИС-д орох сонирхол байсан. МУИС бол миний хувьд хамгийн том сургууль. 2021 онд МУИС-д орохдоо Нийгмийн ухааны салбар сургуулийн Улс төр судлалын чиглэлийг сонгосон. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн чиглэлээр хоёрдугаар түвшинд суралцдаг. Улс төр судлалын хөтөлбөр судлаачийг бэлтгэдэг. Тиймээс нийгмийн аливаа асуудлыг аль талаас нь шийдвэрлэвэл хамгийн боломжтой вэ гэдэгт суралцдаг. Үүнийгээ хуультай хослуулбал зөв шийдвэр гаргахад суралцах юм болов уу гэж бодсоны үндсэн дээр энэ сонголтыг хийсэн.
-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?
-Цагдаа, тэр дундаа мөрдөгч болохыг хүсдэг байсан. Энэ тухайгаа найзууддаа хэлэхээр “Чи яагаад эмч болдоггүй юм” гэдэг байлаа. Тухайн үед эмэгтэй хүүхдүүд эмч, эрэгтэй хүүхдүүд цагдаа болохыг мөрөөддөг байлаа шүү дээ. Гэхдээ цагдаагийн албыг эмэгтэй хүн хашихад жаахан хүнд юм шиг санагдаад цагдаагийн сургуульд ороогүй. Гэхдээ мөрөөдлөөсөө хэтэрхий хазайлгүй улс төр судлал болон хуулийн чиглэлээр суралцаж байгаа. Хэрэв ирээдүйд боломж нь гарч ирвэл мөрдөгч болно. Эсвэл өмгөөлөгч болох бодол бий. Би энэ оны зургадугаар сард сургуулиа төгсөнө. Үргэлжлүүлэн хууль, эрх зүйн чиглэлээрээ гурван жил сурна. Гэхдээ хугацаа байгаа учраас яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ. Сандрал хэр байна?
-Үндэсний ялагчаар шалгарсан долоо хоногтоо маш их сандарч байсан. Харин тэмцээнийхээ бэлтгэлд орж эхлэнгүүт сандрах зав гарахгүй байгаа. Өдөрт 4-5 цагийн нойр авч байгаа учраас жаахан ядарч байна. Нэг сарын хугацаанд бүх зүйлээ тултал нь бэлдэх шаардлагатай. Хамгийн эхэнд эх орноо болон өөрийгөө танилцуулсан видео явуулах ёстой. Дараа нь БНЭУ-д очоод хүмүүнлэгийн ажлын хүрээнд англи хэлээр илтгэл танилцуулна. Түүнчлэн авьяаслаг мисс, спортлог мисс, топ модель гээд маш олон номинаци байдаг. Эдгээр номинацид бүгдэд нь оролцох ёстой учраас өдөр бүр шахуу цагийн хуваариар, аль болох хичээлдээ сууж, бүхнийг зэрэг амжуулахыг хичээж байгаа. Тэнхимийн багш нар болон сургалтын албаныхан намайг маш сайн дэмжиж байгаа.
-Мэргэжлийн хүмүүс танд ямар зөвлөмж, зөвлөгөөг өгч байна вэ?
-Зөвхөн “Miss World” гэлтгүй, дэлхий даяар миссийн маш олон тэмцээн болж байдаг. Тэдгээрээс хамгийн том тэмцээн нь “Miss World” буюу Дэлхийн мисс. Энэ нь дэлхийн хэмжээний тэмцээн учраас бүх тивийн миссүүд оролцоно. Тэр ч утгаараа үндэстэн хоорондын ялгаа гардаг гэж сонссон. Тиймээс сэтгэл зүйгээ маш сайн бэлдэхийн сацуу хүний нутагт хэрхэн биеэ зөв авч явах вэ гэдэгт илүү анхаарч байгаа.
-“Miss World” тэмцээний үеэр өмсөх үндэсний хувцсыг тань ямар газар урлах вэ?
-Үндэсний хувцастай гараа гэж байдаг. Тэр нь финалийн өдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр болдог. Тэрхүү гараан дээр 137 орны миссүүд хамтдаа нэг тайзан дээр гараад тавьсан хөгжмийн аян дээр нь үндэснийхээ онцлог бүхий хөдөлгөөнийг хийдэг. Би язгуур урлагийн төрөл болох монгол биелгээгээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Миний өмсөх үндэсний хувцсыг маань “O COUTURE” брэндийн хамт олон урлаж өгч байгаа.
-Таны өндөр хэд вэ. Багаасаа л ийм өндөр байсан уу?
-180 см өндөртэй. Багаасаа нуруулаг байсан. Гэхдээ багадаа мяраалаг, бондгор, хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Харин оюутан болоод л эмэгтэйлэг шинжиндээ орсон доо.
-“Miss World” буюу Дэлхийн мисс тэмцээн нь хүмүүнлэгийн үйлсэд дэлхий нийтийг уриалж байгаа шүү дээ. Энэ утга, агуулгыг таны зүгээс хэрхэн харж байна вэ?
-Эзэмшиж байгаа мэргэжил маань үүнд давуу тал болно гэж бодож байна. Бид хичээлүүдийнхээ хүрээнд байнга судалгаа хийдэг. Ингэхдээ Монгол төдийгүй дэлхийн бусад улс орнуудыг адил тэгш судалдаг. Дэлхийн аль өнцөг буланд ямар үйл явдал болж байна, тэдгээр улс орны нийгэм ямар байгаа вэ гэдгийг сайн судлах нь 137 орны миссүүдтэй хамт байхдаа хэнийг нь ч ялгаварлахгүйгээр харьцахад тустай юм болов уу гэж бодож байна.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Миний өдөр тутамдаа баримталдаг зарчим эхлүүлсэн бол дуусгах. Хүнийг ялгаж харьцахгүй, бүх хүнтэй адил тэгш харьцахыг хичээж явдаг.
-Үеийнхэндээ болон мисс болно гэсэн мөрөөдөлтэй хүмүүст дайх үг байна уу?
-Ихэнх эмэгтэйчүүдэд мисс болох мөрөөдөл бий. Таныг мисс болохыг ойр тойрныхон тань зөвшөөрч ч болно, зөвшөөрөхгүй ч байж болно. Хэн нэгэн хүнээс ямар нэгэн шүүмж ирж болно. Гэхдээ тэр болгонд хугарч, нугараад байж болохгүй. Мөрөөдлөө сэтгэлдээ тээгээд явж байвал аяндаа болдог юм шиг санагддаг. Мисс хүн хүмүүнлэгийн элч, төлөөлөгч байдаг. Тиймээс нийтэд хүрэхийн тулд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Би “Чи ёстой хэрэггүй, үнэхээр дэмий” гэсэн шүүмжийг толгой дахь үснээсээ их сонсож байсан. Тэр болгонд нь гомддог ч дуугүй өнгөрөөдөг. Би өөрөө үнэхээр их хүсч байсан учраас хүсэл мөрөөдөл минь унтраагүй юм болов уу гэж боддог. Бүх эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, хэзээ ч оройтохгүй, бас хэзээ ч эртдэхгүй шүү. Чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйлийнхээ төлөө тууштай яваарай гэдгийг хэлмээр байна.
-Шантрах үеэ хэрхэн даван туулдаг вэ. Хэр сэтгэлийн хаттай вэ?
-Би өөрийгөө сэтгэлийн хаттай гэж боддог. Гэхдээ хүмүүсээс сөрөг, муу үг сонсохоор шантарч, эргэлзээ төрдөг. Тэрнээс биш бүрэн унтраад, болих тухай бодож байсан удаагүй. Миний сэтгэл зүйг хамгийн их дэмждэг хүмүүс бол аав, ээж хоёроос минь гадна нагац эмээ минь. Тэр гуравтайгаа бүх зүйлээ ярьж, маш нээлттэй харилцдаг. Миний үеийнхэн, надаас дүү хүүхдүүд аав, ээжээсээ маш их зүйл нуудаг нь буруу санагддаг. Аав, ээж хоёр чинь алдаа гаргуулчихгүй юмсан гэсэн үүднээс хатуу үг хэлдэг болохоос чамайг унтраах гэж хэлдэггүй юм шүү.
-Аав, ээж тань таны энэ сонголт шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав маань намайг загварын салбарт ч, миссийн тэмцээнд ч оролцохыг маш их эсэргүүцдэг байсан. Сүүлд бодоход би өөрөө аавдаа ойлгуулж хэлээгүй юм билээ. Эрэгтэй хүн миссийн талаар судлаад байхгүй, ойлголт нь ч нимгэн шүү дээ. Тэгээд өөрөө тайлбарлах хэрэгтэй юм байна гэж бодоод аавдаа тайлбарлаж хэлсэн. Аав, ээж, эмээ гурав хэрвээ намайг нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсч байгааг мэдэх юм бол 100 хувь дэмждэг, миний төлөө бүхнээ дайчилдаг. Би өнөөдрийг хүртэл аав, ээж хоёртоо “Баярлалаа” гэж ерөөсөө хэлж байгаагүй юм байна. Хэлэхээсээ ч ичээд байдаг юм. Нүүрэн дээр нь хэлж чадаагүй болохоор сониноор дамжуулан энэ нандин үгээ дайж сонин нь хэвлэгдсэний дараа аав, ээж хоёр дээрээ бариад очно оо. Харин “Хайртай шүү” гэж жаахан байхдаа хэлж байсан байх. Гэхдээ том болохын хэрээр бие даасан хүн шиг болох гээд ч тэр юм уу ичингүйрээд байдаг болчихсон.
-Дэлхийн мисст оролцоно гэдэг хожим дурсахад их сайхан дурсамж болон үлдэх байх?
-Тийм ээ. Ээж, аав хоёр маань 17, 19 настайдаа гэр бүл болсон. Ээж минь “Мисс болно” гэж мөрөөддөг байсан ч хүүхэд төрүүлээд мөрөөдөлдөө хүрч хараахан чадаагүй. Саяхан ээж маань надад “Ээж нь 50 нас нэлээн дөхчихлөө. Охиноороо их бахархаж байна. Дэлхийн мисст оролцоод амжилт үзүүлэх нь чухал биш. Монголоосоо сонгогдоод явж байгаа учраас маш том хариуцлага чамд оногдож байгаа. Ирээдүйд үр хүүхдүүд чинь “Манай эмээ Дэлхийн миссийн тавцан дээр гарч байсан” хэмээн ярьж чамаар бахархах болно” гэж хэлсэн. Энэ тухай бодохоор надад маш гоё санагддаг.
Ө.АНХЗАЯА
Зочин · 4 цагийн өмнө
TSAGR SHAAN80955877UILCHLN
Зочин · 4 цагийн өмнө
SEKSYGR VANXANDI XUSNG EDELUULD80955877