Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрбээр: "Би сүүлийн үед их том луйвар булхайн тухай ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад ил гарахгүй байна.

Харин баригдсан нь уурлаад, янз бүрийн муухай үг хэлээд яваад байх шиг байна. Тэр хүн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун дордож, даварч, өөрсдөд нь хэлдэг хүнгүй мэт аашилж буй нь Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлагаас тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар, Ерөнхий сайд огцрохоос өмнө ярьж байсан. Ерөнхий сайдтай өөртэй нь уулзъя анхааруулъя гэхэд уулзахгүй зугтаад байсан. Гэтэл энэ асуудал хэвээр үлдэж, Ерөнхий сайд өөрөө огцорсон. Тиймээс ард түмэнд энэ мэдээллийг хүргэн дүн тавиулж, засах ёстой юм байна гэж үзээд зургаадугаар сарын 5-ны өдөр энэ мэдээллийг анх нийтэд ил болгосон. Үүнээс өмнө ч нэлээн ярьж анхааруулж байсан ч Засгийн газар огцорч, шинэ Засгийн бүрдэж байсантай холбоотойгоор олон нийт төдийлөн анхаараагүй. Энэ бол ноцтой гэрээ. Засгийн газар энэ гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн.

 

Энэ бол гэрлийн хурдаар хэлэлцсэн асуудлын нэг нь. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан.

 

Арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах эрх зүйн үндсийг тавьсан. Нэгдүгээрт, энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худлаа нэр олж өгсөн. Товчхон тайлбарлавал, нүүрс олборлолтоо сайжруулъя, төмөр замаа баръя, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн байна. Энэ луйвар булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцсэн. Үүнд буюу 58 дугаар тогтоол хэд, хэдэн ноцтой зүйл гарсан.

 

Тухайлбал “Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг үүрэг даалгаврыг авсан юм шиг ажилласан. Мөн хамгийн өндөр үнэтэй коксжих нүүрсийг сорчилж заасан. Нийт зарах гэж буй 250 сая тонн нүүрсний 55 хувийг сорчилсон. 35 хувь нь харьцангуй чанартай 3/1 гэсэн нүүрс байна. Үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй буюу чулуун нүүрс байхаар оруулсан байна. Гэтэл том Тавантолгой ордын нийт нүүрсний зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Энэ зөв зохистой харьцааг бариагүй. Ганцхан гэрээгээр нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарж байна. 

 

Энэ гэрээний үнийг биржийн үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 долларын алдагдлыг тонн тутамд алдахаар байна. 250 сая тонныг 40 доллараар үржүүлэхэд 10 тэрбум доллар. 10 тэрбум доллараар Монгол Улсыг яаж хөгжүүлж болох вэ. 

 

Мөн яагаад гэрээг Харбин хотод байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. Яагаад энэ гэрээг нууцалж байгаа юм бэ. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан. Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна. Засах боломжтой. Энэ гэрээг Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан байгуулсан. 

 

Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна.

 

Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэв.

 

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн Газрын гишүүдэд тавьсан түүний асуулгад: “

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас:

 

1)Та хоёр Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10,0 тэрбум ам.доллар, төгрөгт шилжүүлвэл 35,0 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц “Нүүрс худалдах гэрээ”-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгэз зуран баталгаажуулж байхдаа энэхүү гэрээ Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигг их хэмжээний хор хохирол учруулахуйц болж байгааг яагаад олж хараагүй, ойлгоогүй вэ?

 

2) Мэдээлэл, мэдлэг дутав уу?

 

3) Эсхүл луйвар булхайг мэдсээр байж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж энэхүү гэрээг байгуулах ажлыг муйхарлан зүтгүүлэв үү?

 

 

4) Энэ гэрээг яагаад заавал нууцалсан бэ?

 

5) Энэ гэрээг яагаад заавал БНХАУ-ын Харбин хотод байгуулсан

бэ?

6) УИХ, Засгийн газрын гишүүдэд энэхүү гэрээтэй холбоотой ямар ямар мэдээллийг бүрэн өгөөгүй вэ?

 

 

Засгийн газар, УИХ-ын гишүүдээс асуух нь:

 

1) Энэхүү гэрээг байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд

уг гэрээний тухай мэдээллийг бүрэн авсан байсан уу?” гэжээ.