Ханилсан хань, төрүүлсэн үр хүүхэд, ах, дүү, аав, ээжийгээ санаанд оромгүй балмад байдлаар хүчирхийлсэн гэмт хэрэг гарсаар байна. Хайртай, хамгийн ойр дотнын хүндээ харгислуулна, гарт нь амиа алдана, эрүүл мэндээрээ хохирно гэдэг дэндүү гомдолтой.

Гэтэл ийм хэрэг багасахгүй, хүчирхийлэгчид засрахгүй байгаа нь хууль оновчтой биш тогтолцооны хувьд буруу байгаатай холбоотой. Эхний зургаан сарын гэмт хэргийн мэдээллийг харвал, 2025 оны нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн 203 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сард 309, гуравдугаар сард 429, тавдугаар сард 716, зургаадугаар сард 834 болж нэмэгджээ. Харин хүүхэд оролцсон гэмт хэрэг нэгдүгээр сард 33 байсан бол хоёрдугаар сард 110, гуравдугаар сард 162, дөрөвдүгээр сард 228, тавдугаар сард 315, зургаадугаар сард 497 болж өссөн үзүүлэлттэй байна. Сар тутамд гэмт хэрэг зуу, зуугаараа өссөөр байгаа нь ямар шалтгаантай байна вэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь аль нэг салбарын дангаараа хариуцах асуудал биш. Олон салбар өөр өөрсдийн хариуцсан чиг үүргийнхээ дагуу оролцож, салбар дундын зохицуулалтыг хийснээр энэ тоо буурах боломжтой юм. Тиймээс энэ удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.

 

Сургууль болон дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журмыг баталж, мөрддөг

Хүүхдийн хамгаалуулах эрх нь хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.

Дотуур байранд суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхөөс сэргийлэх, хамгаалах нь тухайн сургууль болон холбогдох төрийн байгууллагуудын үүрэг юм.

Монгол Улсын хүүхдийн эрхийн холбогдох хууль тогтоомжид сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөж ажиллана гэж заасны дагуу ЕБС-д суралцаж буй хүүхэд бүрийг сургууль, дотуур байрын орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих,

14.1.3.боловсролын байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих гэсэн байдаг.

Тодруулбал, ЕБС-ийн сургууль бүрд сургуулийн захирлаар ахлуулсан "Хүүхэд хамгааллын баг" байдаг. Тэр нь энэхүү журмыг батлан гаргаж хэрэгжүүлдэг байна. Энэ тухай Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Ганбаяр “Ерөнхий боловсролын бүх сургуульд сургуулийн захирлаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг ажилладаг. Тус баг нь дээрх хуулийг хангаж ажилладаг. Шаардлагатай бол өөрсдийн боловсруулсан журам, түүний хэрэгжилтийг өгч болно. Мөн сонирхуулахад хэрэгжилтэд нь аймгийн Боловсролын газар хяналт тавьж ажилладаг” гэсэн юм.

Тэгвэл энэхүү журамд нь тус сум, аймгийн Боловсролын Ерөнхий газар хяналт тавьдаг байна. Энэ тухай Боловсролын ерөнхий газрын дотуур байр хариуцсан мэргэжилтэн н.Сайнзаяагаас тодруулахад “Хариулах боломжгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Харин боловсролын байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүрэг тусгагдсан эсэх талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЕБС-ийн дотуур байрны багшаар энэ жилээс ажиллаж буй Н.Энхбаяраас тодруулахад “Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа хүмүүс Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурдаг. Би энэ жилээс дотуур байрны багшаар ажиллаж байна. Шинэ ажлын байранд томилогдохдоо мөн дээрх дүрэм, журамтай танилцаж гарын үсэг зурсан. Мөн тус гэрээнд Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн ажилтанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах,  үүрэгт ажлаас нь өөрчлөх, түдгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажлын гэрээнд тусгана гэж заасан байдаг.

Мөн Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрүүг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх, харилцааны зөв үлгэр дуурайлал үзүүлэх. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй байх, эерэг хүмүүжлийн аргыг ашиглах, хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах, хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх, асуудлыг нуун дарагдуулдаггүй, нээлттэй ярилцдаг соёлыг түгээх. Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болзошгүй аливаа эрсдэлийг тооцож, сэргийлэх. Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаар сонор сэрэмжтэй байх. Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулахгүй байх. Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дээрэлхэх, дорд үзэх, сэтгэл санааны дарамтад оруулах, нэр хоч өгөх, хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх, хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцахгүй байх зэргээр маш дэлгэрэнгүй оруулсан байдаг.

Манай сургуулийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14.1.2-т заасан журмыг баталж, хэрэгжүүлж ажилладаг” гэсэн юм.

 

Баталсан журам нь хэрэгжихгүй байна гэсэн дүн тавьжээ

 

Монгол Улс хүүхдийн эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээ, бүтэц, тогтолцоог шинэчлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл түгээмэл байсаар байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дугаар илтгэлд “ЕБС-ийн дотуур байранд 2018-2022 онд улсын хэмжээнд нийт 52 зөрчил, 63 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг зургаа, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 24, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нэг, нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил 31, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил 15, нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил дөрөв, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил хоёр бүртгэгджээ.

Гомдол, санал, хүсэлт 2021-2023 оны хоёрдугаар сарын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд дотуур байртай холбоотой асуудлаар нийт 42 дуудлагаар 49 гомдол иржээ. Нийт 49 гомдлоос 35 хувийг нь багш, ажилчдын зүй бус харилцаатай холбоотой гомдол эзэлж байна. Багш нар хүүхдийг дарамталдаг, утсыг нь хурааж авдаг, харанхуй өрөөнд түгждэг, зоддог, гарыг нь өргүүлдэг, хэл амаар доромжилдог, байрнаас хөөнө гэж дарамталдаг, удаан хугацаанд зогсоосноос болж хүүхэд ухаан алдсан, жижүүрүүд байрнаас гаргадаггүй, цэвэрлэгээ хийлгэдэг зэрэг гомдол иржээ. Харин дотуур байрны хүрэлцээ хангалтгүй гэсэн гомдол 31 хувь байгаагаас дотуур байрны өрөө дүүрсэн, бөөстэй, эцэг, эх нь хэл амтай гэсэн шалтгаанаар бүртгэдэггүй. Хоолондоо цаддаггүй, өрөөндөө хоол хийж идэхийг хориглодог, халаалт муу, хүйтэн байдаг. Сум, багийн Засаг дарга нар хуралдаж дотуур байранд байлгахгүй гэж шийдсэн. Хөдөө байдаг хүүхдүүд дотуур байранд бүртгүүлж чадахгүй байхад төвд ойр амьдарч байгаа хүүхэд бүртгүүлж орсон гэх агуулга бүхий гомдлууд зонхилж байна.

Дотуур байрны багш болон орон нутгийн удирдлагын хувийн хандлагаас болж хүүхдийн дотуур байранд амьдрах, зохистой орон байраар хангагдах эрх зөрчигдөж байна. Түүнчлэн дотуур байрны багш, ажилчдыг ажилд авахдаа хандлага, ёс зүй, хүүхэдтэй өмнө нь харилцаж байсан эсэх шалгуур тавих, ажил, үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хүүхдийг үл хайхарсан, дур зоргоор авирласан тохиолдолд хариуцлага тооцох арга хэмжээг авах шаардлагатай байна” гэжээ.

Үүнээс үзэхэд хүүхэд хамгийн аюулгүй байх ёстой сургуулийн орчинд хамгийн их хүчирхийлэлд өртөж байгаа нь сэтгэл сэртхийлгэм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан.

Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой заалтууд оруулсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хүүхэдтэй хэрцгий харьцсан бол нийтэд тустай ажил хийлгэнэ эсвэл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэж байна. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхэдтэй хэрцгий хандсан хүнд хүлээлгэхэд дэндүү хангалтгүй хариуцлага байгаа юм. Энэ зүйл заалтыг өөрчлөх нэн шаардлагатай. Хүүхдийг хүчирхийлсэн, гэмтээсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах зүйл заалтаар хариуцлага хүлээлгэдэг улс дэлхийд байхгүй. Ийм хэрэг, зөрчил гаргасан этгээдүүдийг хохирогч хүүхдээс тусгаарлахгүй л бол далд яргалал дийлдэхээ болих вий.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах (бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах гэх мэт) нь дэлхийн ихэнх улс оронд хүнд гэмт хэрэг гэж тооцогддог. Улс орон бүрийн хууль тогтоомж өөр боловч нийтлэг байдлаар дараах төрлийн шийтгэл, арга хэмжээ авдаг байна.

АНУ: Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд орсон этгээдийг олон жилийн хорих ял, хүүхдэд ойртох, уулзах эрхийг хасах шийтгэлтэй. Зарим мужид “sex offender registry” буюу насан туршид бүртгэлд байх шаардлага тавьдаг.

Европын холбоо: Ихэнх оронд хүүхдийн эсрэг хүчирхийлэлд 5–20 жил хүртэл хорих ял оноох боломжтой. Хүүхэд хамгаалах байгууллагад автоматаар мэдэгдэж, эцэг эхийн эрхийг хасах тохиолдол гардаг.

Япон: Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 3–10 жил хүртэл хорих ял онооно. Давтан үйлдсэн тохиолдолд илүү хүнд ял өгнө.

Харин нийгмийн хамгааллын арга хэмжээ хохирогч хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө, эмчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх нь олон улсад нийтлэг байдаг.  Хүчирхийлэл үйлдэгчийг сэтгэл заслын сургалт, дахин хүмүүжүүлэх хөтөлбөрт хамруулах тохиолдол бий. Ерөнхийдөө дэлхий даяар хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэвчихгүй бөгөөд хорих ял, эрх хасах, бүртгэлд оруулах, олон нийтийн хяналт зэрэг хатуу арга хэмжээ авдаг жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин