Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50746 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 828 хэрэг шинээр нээж, 426 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 166, Өмчлөх эрхийн эсрэг 103, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 13, Авлигын гэмт хэрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нэр бүхий хувьцаат компаний худалдан авалтын менежерээр ажиллаж байсан Н.Ш нь ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах, шалгаруулах мэдээллийг бусдад өгч, тендерт оролцуулж шалгаруулсны хариуд бусдаас хахууль өгөхийг шаардаж, авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1/Хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн Ш.С-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.Т нь бусадтай бүлэглэн дээл, торго бөс бараа худалдан борлуулах нэрийдлээр “nemeh.mn” сайт нээж, хууль бус замаар олж авсан гадаад улсын иргэдийн виза картын мэдээллийг ашиглан тус сайтнаас интернэтээр худалдан авалт хийж буй мэтээр нийт 512 удаагийн гүйлгээгээр 622.520 ам доллар буюу хоёр тэрбум 150 сая төгрөгтэй тэнцэх мөнгийг хууль бусаар, нууцаар, долларын дансандаа шилжүүлэн авч хулгайлсан, гэмт хэргийн улмаас олсон орлого болохыг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор крипто валют, орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- М.М нь нэр бүхий эмэгтэйчүүдийг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг 1024.3 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.М нь баарны үүдэнд 11.9 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- А.О нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

 

Эх сурвалж: УЕПГ