Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэж буй асуудлын хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байлаа.

УИХ-ын 126 гишүүний 29 нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол гурван гишүүн тойрогтоо ажиллаж байна. Мөн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн чөлөө авсан бол 4 гишүүн эмнэлгийн чөлөө авсан байдалтай дээрх хуулийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж гишүүд маань их л хөгөө чирч байх шиг байна. Учир нь зарим нь бүүр цус ойртолд бол хавдрын суурь болдог гээд ч яриад авлаа. Ургийн овгоо буруу тогтоосноос цус ойртолд үүссэн нь харин үнэний ортой. Харин хавдрын суурь болдог гэдгийг хэн нотолсон юм бол доо. 

Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв эндээс уншина уу.

НИЙГЭМ: Ахуйн галд өртөж ах нь 11 настай дүүгээ авраад өөрөө бурхан болсон харамсалтай үйл явдал Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан. Галд түлэгдсэн охиныг Улаанбаатар хотод авчирч арьс нөхөх хагалгаанд оруулахад нисдэг тэргээр зөөвөрлөх болоход энэхүү зардлыг нутгийн иргэд болон монголын ард түмэн хандивын гараа сунган тусалсан юм. Ингээд Амин-Эрдэнэ нь бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй  ГССҮТөвд нисдэг тэргээр хүргэгдэн ирж эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. 

Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ.

Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрсэн байна. Энэ гэмт хэрэгт 20 орчим хүн холбогдон шалгагдаж байгаа аж.

Гаалийн байгууллага нь улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Гэтэл улсын төсөвт  төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас ийнхүү  шалгаж эхэлжээ. “Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

ЭДИЙН ЗАСАГ: Ирэх оноос зарим бондын хугацаа дуусна, төлөх нийт өр 39,612 сая ам.долларт хүрчээ

Ирэх 2026 онд Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн захаас босгосон бондын хугацаа дуусна. Тухайлбал,“Номад” буюу “Нүүдэлчин” бондын эргэн төлөгдөх хугацаа болж байгаа юм.

2025 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлээр Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 39,612 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 13%-иар буюу 4,475 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд, Засгийн газрын гадаад өр 824 сая ам.доллароор нэмэгдэж 8,837 сая ам.долларт хүрсэн бол Төв банкны гадаад өр 455 сая ам.доллароор өсөж 1,567 сая ам.доллар болжээ. Харин банкууд, бусад секторууд болон хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн нийт өр төлбөрийн хэмжээ өмнөх улирлаас 3,196 сая ам.доллароор өсөж, 29,208 сая ам.долларт хүрчээ.

Банкны секторын гадаад өрийн үлдэгдэл 2025 оны 2 дугаар улирлын эцэст 3,146 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,317 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Гадаад өрийн бүтцийн хувьд 62%-ийг урт хугацаат зээл, 29%- ийг бонд болон өрийн бичиг, 5%-ийг эдийн засгийн харьяат бус этгээдийн эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансны эх үүсвэр, үлдсэн 4%-ийг богино хугацаат зээлийн өглөг тус тус бүрдүүлж байна. Банкуудын урт хугацаат зээлийн үлдэгдэл 1,966 сая ам.доллар, богино хугацаат зээлийн үлдэгдэл 115 сая ам.долларт хүрсэн байна.

Түүнчлэн Нийслэлийн бондууд болон бусад төлбөрүүдийн хугацаа тулсан байгаа аж. Иймд ирэх 2026 онд төсвийн орлого тасарвал маш хүндхэн байдалтай болох юм. Манай улс сүүлийн жилүүдэд өрийг өрөөр, бондыг бондоор нь төлсөөр аалзны тор шиг болсон гэхэд болно. 

СПОРТ: Дубай – 2025 Азийн Залуучуудын Пара Наадамд  Монголын пара спортын өсвөрийн шигшээ багийн 18 тамирчин, болон дасгалжуулагч, албаны бүрэлдэхүүн өнөөдөр Дубай хотыг зорин мордлоо.

Тэд энэ сарын 7–14-нд болох 2025 Азийн Залуучуудын Пара Наадамд эх орноо төлөөлөн авхаалж самбаа, хурд хүчээ сорино. Тодруулбал,  Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулагдах "Дубай-2025" Азийн Залуучуудын V пара наадам Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болно.

Монгол Улсаас нийт 18 өсвөрийн залуу пара тамирчин болон дасгалжуулагчийн хамтаар спортын гурван төрөлд өрсөлдөнө. Тус наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгөхөөр өчигдөр Монголын үндэсний паралимпын хорооны байранд хүлээн авч, багийн бүрэлдэхүүнд амжилт хүсч шигшээ багийн өмсгөл, хувцас зэргийг гардуулсан юм.  

Энэхүү арга хэмжээнд МҮПХ-ны удирдах зөвлөлийн дарга Д.Сүрэнхорлоо болон ажлын албаны дарга Б.Нямсүрэн, Пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга М.Амаржаргал нар оролцон багийн төлөөлөл болсон залуучуудад амжилт хүсэв.

Мөн Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэсэн нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татав.

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд тасралтгүй оролцсон дээд амжилтыг нь Гиннесийн 2026 оны шинэ дугаарт бүртгэжээ. Тодруулбал өнгөрсөн сард 41 нас хүрсэн Б.Мөнх-Оргилын 2004 оноос хойш 2024 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд хамгийн олон буюу 1,653 дараалан барилдсан сүмочоор тодорч, секивакэ асан Аобажюүгийн тогтоосон амжилтыг эвдсэн гэж шинэ дугаарт онцолжээ.

Most consecutive sumo bouts нэрээр гиннесийн номд бүртгэгдсэн түүний үзүүлэлт 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээний дараа 1,749 хүрээд буй. Энэ хугацаанд 885 ялж, 864 ялагдсан юм. Сонирхуулахад 2022 оны долдугаар сарын тэмцээний үеэр цар тахлын дэглэмийн улмаас хоёр барилдаан өнжсөн ч Японы Сүмогийн Холбоо түүний тасралтгүй барилдсан амжилт нь тасалдаагүй гэж үзсэн байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил энэ хугацаанд макүүчи буюу Дээд зиндаанд хоёр удаа түрүүлж, секивакэ цолд хүрсэн нь түүний оргил амжилт нь юм. Түүнчлэн гарамгай барилдааны шагналыг гурван удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, техниктэй бөхөөр нэг удаа тодорч кинбоши буюу ёкозүна цолтонг давсан бөхөд олгодог шагналыг найман удаа хүртэж байв. 

Соёл урлаг: “Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ

“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулах гэж буй.

Тэгвэл эл жүжгээ продюсер Б.Амарравдангийн санаачилгаар “Ид шидийн орон”-ы 100 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлж, мөн гарын бэлэг бэлэглэхээр болжээ. Жүжгийг арванхоёрдугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглоно.

Монголын дууны урлагт энэ долоо хоногт шинэхэн клип өнгө нэмэн сонсогчдын хүртээл боллоо. Тодруулбал,  Олноо жазз Наагий хэмээн хүндлэгддэг тэрбээр шинэ жилийн дууны жагсаалтад багтах шинэхэн клипээ цацлаа. Түүний шинэ дуу олон фэнүүдэд нь ихээхэн таалагдаж эерэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна. 

Тун удахгүй шинэ оноо угтах энэ цаг мөчид өдөртөө хэд, хэд сонсох дууны жагсаалтад дээгүүрт тэргүүлээд байна гэнэ шүү. "БАЯРЫН ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ"  дууг  МУУГЗ Г.Пүрэвдорж зохиосон бөгөөд дуучин Наагий,  Жожо хоёр хамтран дуулжээ.