Авлигатай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр /2025.12.09/ тохиож байна. Энэ өдрийг “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй аж.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа мэндчилгээндээ “Манай хамт олон авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог хангах, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцлийг тогтоон арилгах, албан хаагчдыг мэргэшүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний стратегийг үр дүнтэй хэрэгжүлэх, авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах ажилд онцгой анхааран ажиллаж байна.

… АТГ 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэргийг шалгасан бөгөөд энэ хугацаанд 3 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүллээ.

Авлигын улмаас гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг улсдаа буцаан авчраад байна.

Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд  бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна” гэжээ.