УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр /2025.12.08/-ийн хуралдаанаар Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бодлогын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, улс төрийн шийдвэр гаргасан. Евразийн эдийн засгийн холбоо талаас татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй 367 барааны жагсаалтыг танилцуулъя. Түр хэлэлцээрт НӨАТ, онцгой албан татвар хамаарахгүй юм.

Монгол Улс 2024 онд дэлхийн 162 оронтой гадаад худалдаа хийжээ. Мөн өнгөрсөн онд дэлхийн 80 улсад бараа экспортолж, 158 улсаас бараа импортолсон байна.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын худалдааны хоёрдогч гол хөрш бол Евразийн эдийн засгийн холбооны таван улс байгаа. Нийт 3 тэрбум ам.долларын худалдаа хийж байна. Үүний голлох улс нь ОХУ-тай 2.7 тэрбум ам.долларын худалгааг хийж байна. Гэхдээ энэ худалдааны тэнцэл нэлээд өндөр алдагдалтай байдаг. Евразийн эдийн засгийн холбоонд таван улс нэгдэж, гадаад худалдааны нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг. Эдгээр орнуудын зах зээлд Монгол Улсын бараа 15-50 хувийн гаалийн татвартай, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлагатай буюу манай экспортын боломж хязгаарлагдаж ирсэн байдаг. Сүүлийн таван жил Монголын Засгийн газар амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд Евразийн орнуудтай гурван жилийн чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцож гарын үсэг зурлаа. Энэ гэрээгээ УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барихад бэлэн болсон. Энд нийтдээ 367 бараа бүтээгдэхүүнийг тохиролцсон.

Түүнчлэн гэрээний явцад хувийн хэвшилтэй олон хэлэлцүүлэг хийж, улаанбуудай, өндөг зэрэг манай улсын стратегийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ импортын гадна нөлөөг бага байлгахаар онцгой анхаарч ажилласан.

Нийтдээ 23 төрлийн бараан дээр маргаан үүсгэж, эцсийн хувилбарт хүрч чадлаа. Манай талаас хэлэлцээрээс хасуулах найман бараа буюу өтгөрүүлсэн сүү, шингэн сүү, цөцгий, өргөст хэмх, лууван, манжин, төмс, сонгино зэрэг байна. Энэ саналыг Евразийн тал хүлээн авсан. Хэлэлцээрийн явцад 11 бараандаа тарифын квот болон татварын буулт хийсэн. Үүнд, өндөг, хуурай сүү, бяслаг, цөцгийн тос, хатуу болон зөөлөн улаанбуудай, цагаан архи, шар айрагт буулт хийсэн байдаг. Харин хасуулах санал дээр тохиролцож чадаагүй дөрвөн бараа буюу йогурт, амтат жигнэмэг, өрмөнцөг, эрдэст ус багтаж байна. Үндсэндээ 23 барааны хүрээнд гэрээг тохиролцож, эцэслэлээ. Монгол Улс ЕЭЗХ-той гэрээ хийснээр улсын экспорт 24.1 хувиар өсч, үүн дотроо мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд 42-152 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна" гэсэн юм.

Евразийн эдийн засгийн холбоо талаас татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй 367 барааны жагсаалтыг танилцуулъя.

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, төмөр хийц зэрэг Монголд үйлдвэрлэдэггүй аж үйлдвэрийн 222 бүтээгдэхүүн татваргүй үнээр орж ирэх бөгөөд үүний 41 барааг нь шинээр оруулж ирэх юм. Тодруулбал,

  • ХАА техникийн эд анги
  • Мяндсан даавуу
  • Төмрийн хайлш
  • Ган төмөр эдлэл
  • Лифт, турбин
  • Трансформатор
  • Хүнд машин механизм

Хүнсний бэлэн орц импортын татваргүй болсноор үйлдвэрлэлийн өртөг буурах боломжтой. Хүнсний салбарын тодорхой бараануудад зах зээлийг хамгаалах хязгаарлалтуудыг тусгасан. Энэ хүрээндээ нийт 94 барааг оруулж ирэхээс 13 нь шинээр оруулж ирнэ. Үүнд,

  • Элсэн чихэр
  • Кетчуп
  • Гахайн мах
  • Хуурай сүү
  • Өндөг
  • Алим
  • Хөөлгөгч

Газар тариаланд хэрэгцээтэй бордоо, эрдэс химийн бүтээгдэхүүн, хүн амын түгээмэл хэрэглэдэг эм, эмийн 51 бүтээгдэхүүн татваргүй үнээр орж ирэх боломжтой бөгөөд үүний дөрвөн бараа нь шинээр орж ирэх юм байна. Тодруулбал,

  • Витамин, вакцин
  • Шингэн антибиотик
  • Азотын бордоо
  • Автобензин
  • Дизель түлш
  • Шампунь
  • Угаалгын нунтаг

 Худалдааны түр хэлэлцээрийн онцлох заалтууд:

  • Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно.
  • Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно.
  • Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана.
  • Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.