Ердийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа.

Улаанбаатар болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа.

Шаардлагатай бол өвлийн дизель түлшний бөөний борлуулалтыг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахыг импортлогч ААН-үүдэд даалгав. Өнгөрсөн сард улсын хэмжээнд

  • 75.2 мянган тонн АИ92 бензин,
  • 124.2 мянган тонн дизель түлш импортолжээ.

Энэ сарын 8-ны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Татан авалт хэвийн, дизель түлшийг ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна.

Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана” гэлээ.

Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа хэмээн тус яам мэдээлэв.