Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2025 оны эхний 11 сарын байдлаар 244 хүн осгож, хөлдсөнөөсөө болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авчээ. Байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэн тул архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Хүйтний эрч эрс чангарч байгаа үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж биеэ авч явах чадваргүй болсон иргэд осгох тохиолдол ихэсдэг. Осголт гэдэг нь хүйтэн нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлдэг аж.

Осголтын үед илрэх шинж тэмдгийн хувьд биеийн температур 33 хэм хүртэл буурч улмаар 30 хэмээс доош болоход ухаан алддаг. Даарч чичирч, арьсны өнгө цайж, хөхөлбөр өнгөтэй болох мөн булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болох, ухаан санаа өөрчлөгдөх шинж тэмдэг илэрдэг. Харин удаан хугацаагаар хүйтэн газар байсан үед мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг биеийн ил хэсгүүд хөлддөг. Хөлдөлт нь дараах хэд хэдэн зүйлсийн хүчин нөлөөтэй. Үүнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл зэрэг нөлөөлдөг.  Мөн бариу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломжийг бүрдүүлнэ. Ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөн хийхгүй̆байх нь хөлдөлтийг хурдасгадаг байна.

Осгож хөлдөхөөс урьдчилан сэрээлэхийн тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, чийгтэй нойтон хувцас өмсөхгүй байх, тогтмол дулаан хувцаслах, хүйтэрсэн үед гадаа удаан хугацаагаар суухгүй байх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байгаа юм.