АНУ-ын цагаачлалын визний хоригтой улсад Монгол багтжээ
2 цагийн өмнө

Трампын засаг захиргаа нийт 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Хориг нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хэрэгжих бөгөөд Африк, Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, зүүн Европ гээд дэлхийн өнцөг булан бүрээс улс орнууд багтжээ. Тэдгээр 75 улсын иргэдийг АНУ-д төрийн халамж, тусламжид найдах магадлалтай гэж албаныхан үзэж байгаа гэв.
Хоригт хамрагдахгүй зарим онцгой тохиолдол бий. Хэрвээ тухайн хүн давхар иргэншилтэй, нөгөө хоёр дахь иргэншил нь хоригт багтаагүй бол шинэ журам тэр хүнд хамаарахгүй ажээ. Эсвэл тухайн хүний АНУ-д ирж буй шалтгаан нь "Америк нэгдүгээрт" үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдгийг баталж чадвал хоригт хамрагдахгүй юм байна.
Хориг зарлагдахаас өмнө аль нэг улсын иргэн виз авсан бөгөөд түүнийг нь хэвлэж гаргаагүй байсан бол консулын ажилтан тухайн визийг хүчингүй болгох гэнэ.
Энэ хориг нь зөвхөн иммигрант (цагаачлалын) визүүдэд хамаарах бөгөөд аялал, бизнес, суралцах (non-immigrant) визүүдэд шууд хориглоогүй гэж гадаадын бусад хэвлэл мэдээллийн эх сурвалж мэдээлсэн байна.






