Г.Дамдинням: Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан учраас хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан
1 цагийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч тал болох "Рио Тинто" компани хийж буй хэлэлцээрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр "Оюу толготой холбоотой хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан бид хоёр удирдаад явж байгаа. Хэлэлцээр идэвхтэй явагдаж байх үеэр УИХ-ын сонсгол зохион байгуулагдсан.
2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг баталсан.
Тус тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг дахин авч үзээд Засгийн газраас баталж өгсөн удирдамжаа болон хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан.
УИХ-ын тогтоол саяхан албажиж гарч ирсэн, үнэлгээний ажил хийгдэж байна. Засгийн газраар асуудлаа оруулаад хэлэлцээрийг дахин үргэлжлүүлээд явна.
Эхний ээлжид долоон жилийн түгжээг авч хаяж, протокол үйлдэж чадсан. Хоёрт хүүг бууруулна, гуравт менежментийн төлбөрийн хэмжээг бууруулна шударга болгоно гэдэг амлалтыг авч, гарын үсэг зуруулж чадсан" гэв.






