Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд ОХУ-д саатуулагдсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тус иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэж, Чита мужийн цагдан хорих байранд нэг сарын хугацаатай саатуулсан гэх мэдээлэл гараад буй юм. Бид уг хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.


Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Б-ээс тодрууллаа.

-Танай сумын иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн, ОХУ-д саатуулсан талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ц.Ганболд ах бол тэгэх хүн биш дээ. Би гайхаад байгаа юм. Урьд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан юм. Тэрнээс болоод харлуулах гээд л байна гэж манай сумынхан хардаад байгаа. Манай хүн чинь өөрөө ямар ч юманд шударга дуугарчихдаг. Буруу зөрүү, болохгүй байгаа зүйлийг шударгаар хэлчихдэг, их шударга хүн л дээ. Эхнэртэйгээ хамт Баян-Уул сумаас 50 км-ийн зайд Ульхан шалган нэвтрүүлэх цэгт амьдардаг. Мал маллахаас гадна цахилгааны монтёр хийдэг.

-Орос руу хилээр нэвтрэх үед ийм зүйл болсон хэрэг үү?

-Ер нь манай сумынхан хямд гээд хилээр гарч ойр зуурын юмаа цуглуулдаг юм л даа. Хүнсний бүтээгдэхүүн, зайлшгүй шаардлагатай зүйлсээ худалдаж авахын тулд Ульхан шалган нэвтрүүлэх цэгээр бараг долоо хоног бүр Орос руу ордог.Үүний адилаар цагаан сараас өмнөхөн, бараг долоо хоногийн өмнө хил давсан юм билээ. Тэр үед нь Оросын хууль сахиулах байгууллага саатуулсан гэж сонссон. Бүр гэр бүлд нь тагнуулын байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа гэсэн шүү. Ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яаманд хандсан гэсэн. Ямартаа ч нэг сарын хугацаанд саатуулж, хорих болно гэж мэдэгдсэн юм шиг байна лээ. Гэхдээ Ц.Ганболд ах бол нутагтаа олон жил мал маллаж амьдарсан хүн хэзээ ч тагнуулын хэрэг мэтийн зүйлд холбоогүй байх гэж манай сумынхан ярьж байгаа. Нэр төрийг нь харлуулах зорилгоор л ийм зүйл явагдаж байгаа байх даа.

Мөн тус сумын иргэн Ц-ээс дараахь мэдээллийг авлаа.

Тэрбээр ”Ц.Ганболд ахынхыг сайн мэдэх хүний хувьд хэлэхэд, өнгөрсөн намар Оросын хилээр орж гарах үеэрээ гаалийнхантай нь маргалдсан асуудал үүссэн юм билээ. Тухайн үед Оросын генерал ирсэн байсан юм уу даа. Ийм л асуудал үүсч. Түүнээс биш өөр сүртэй асуудал ерөөсөө үүсээгүй. Хоёрдугаар сарын 6-нд баривчилсан юм байна. Нэг сарын хугацаа нь ирэх сарын 6-нд дуусна гэсэн үг. Ар гэр, ойр хавийн хүмүүсээс нь сураглахад гуравдугаар сарын 6-нд суллагдахгүй бол өөр хэргээр дахиж шалгагдана гэсэн. Тэр үеэр мөн шүүх хурал болох шиг байна. Ц.Ганболд ахынх хил дээр байдаг болохоор Оросын тал зарим хүнийг хэд хоног тэгж хорьдог гэсэн сураг дуулдсан шүү. Ямартаа ч шүүх хурал болно гэсэн тайван мэдээ л байгаа болохоос биш одоогоор гаднаас хүнтэй уулзуулах ямар ч боломжгүй байгаа гэнэ. Ц.Ганболд ах өөрөө ямар ч орос хэлний мэдлэггүй гэсэн. Одоогоор манай сумынхан ингэж л ярьцгааж байна даа.

Ийнхүү Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулгатай холбогдож, дараахь мэдээллийг авлаа. Тэрбээр “Манай сумын иргэнийг тагнуул хийсэн хэргээр Орост баривчилсан. Чита хотын урьдчилан хорих төвд саатуулсан. Энэ иргэн төрийн албанд ажиллаж байгаагүй, зөвхөн тус суманд цахилгаанчин хийдэг. Цагаан сараас өмнөхөн саатуулсан. Гэр бүл нь Орос руу явж, мөрдөн байцаагчидтай уулзсан. Гэсэн хэдий ч тагнуулын хэрэг гэж мэдэгдсэн боловч ямар төрлийн тагнуулын талаар ярьж байгаа, юу болсныг тодорхойлоогүй. Гэр бүл нь Гадаад хэргийн яаманд хандсан. Гэхдээ одоогоор ар гэр нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдээлсэн байгаа. Мөн буруу ташаа мэдээлэл цацагдаад, ОХУ-ын талд хүрчихвэл тус биш, ус болно гэж болгоомжилж байгаа”гэв. Одоогоор энэ асуудлыг Баян-Уул сумын Засаг даргаас гадна Дорнод аймгийн ЗДТГ-ын удирдлагууд хэлэлцэж, ар гэрийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэнэ.

Монгол Улсын Гадаад харилцааны яам тус иргэний талаарх мэдээллийг Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газраар дамжуулан авсан бөгөөд иргэний ар гэр болон холбогдох байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Ар гэрийнхэн нь хувь хүний нууцтай холбоотойгоор мэдээллийг нууцлахыг хүссэн. Бид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Ямартаа ч манай улсын иргэн саатуулагдсан, шалгагдаж байгаа нь үнэн” гэв. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан Гадаад харилцааны яамныхан Ц.Ганболдын асуудалд анхаарал хандуулж байгаа гэнэ. Мөн шаардлагатай албан бичиг, мэдээллийг хүргүүлжээ.

Бид тус иргэний ар гэрийнхэнтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

 

Г.БАЛГАРМАА