Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ
2 цагийн өмнө
Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Пара Бочигийн Холбоо, Бэрс Финанс ББСБ-тэй хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 86 тамирчин оролцсон нь урьд өмнөх тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтойд тооцогдож, тус спортын цар хүрээ жил ирэх тусам тэлж байгааг харууллаа. Мөн энэ удаагийн тэмцээнд СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаас тамирчид анх удаа оролцсон юм.
Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгч С.Отгонбат тэмцээний үеэр “Энэ жилийн тэмцээний онцлог нь маш өргөн цар хүрээтэй болж байгаагаас гадна гурван Спортын дэд мастер шинээр төрлөө. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нь Японд зохион байгуулагдах Азийн их наадмын урьтал тэмцээн болж байна.
Тамирчид маань 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болох Паралимпод оролцох зорилго тавин бэлтгэл сургуулалтаа базааж байгаа билээ. Энэ жилийн тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй сайхан үргэлжилж байна. Нийт багш, дасгалжуулагч, эцэг эхчүүд болон ивээн тэтгэгчдэдээ баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.
Монголын Пара бочигийн холбооны тамирчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлжээ. Үүнд:
- Азийн залуучуудын наадмаас спортын мастер Д.Дагмидмаа BC2 ангилалд хүрэл медаль,
- Бахрейн Финланд болон Австрали улсад зохион байгуулагдсан Дэлхийн цуврал тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл BC1 ангилалд гурван мөнгөн медаль,
- Польш болон Финланд улсад зохион байгуулагдсан Дэлхийн цуврал тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Х.Ирмүүн хос хүрэл медаль хүртэж, тамирчид маань олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 6 медаль авсан өндөр амжилт үзүүлсэн байна.









