ХУУЛЬ: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопед жолоодох хууль батлагдлаа, торгуультай танилц
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Скүүтер, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах" буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа.
Уг хуулиар:
- Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,
- Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,
- Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;
- 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;
- Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Зөрчлийн тухай хуулийн шинэ торгуультай нь танилц:
Хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд дараах торгуулиудыг тусгаж өгсөн байна. (Санамж: 1 нэгж = 1,000 төгрөг)
Иргэдэд хүлээлгэх хариуцлага:
- Гарцаар унаж гарвал: Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
- Хурд хэтрүүлбэл: Явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Согтуугаар жолоодвол: Мопед, скүүтерийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодвол 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Хохирол учруулвал: Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй хохирол учруулвал 100 нэгжээр (100,000 төгрөг) торгоно.
- Хүүхдээ унуулвал: 18 нас хүрээгүй хүүхдээр мопед, скүүтер жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийг 200 нэгжээр (200,000 төгрөг) торгоно.
Скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага:
Нийтийн хэрэгцээний скүүтер, мопедын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүд дараах үүргийг хүлээнэ. Зөрчвөл хүлээлгэх хариуцлага:
- Зогсоол бус газарт байршуулвал: Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн зогсоолоос бусад газарт скүүтер, мопедоо байршуулвал 50 нэгжээр (50,000 төгрөг) торгоно.
- Технологийн хязгаарлалт хийгээгүй бол: 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаагүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ аваагүй, мөн скүүтерээ бүртгүүлж, техник үзлэгт оруулаагүй бол хуулийн этгээдийг 500 нэгжээр (500,000 төгрөг) торгоно.
- Даатгал ба Гэрээ: Үйлчилгээ үзүүлэгч нь заавал хариуцлагын даатгалд хамрагдах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
- Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлбэл: Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг (скүүтерүүдийг) хурааж, иргэнийг 10,000 нэгжээр (10 сая төгрөг), хуулийн этгээдийг 20,000 нэгжээр (20 сая төгрөг) тус тус торгоно.
Хууль эцэслэн батлагдсан учраас 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.







Зочин · 46 минутын өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож ажлуулах эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө