“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна
3 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зургаадугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тоглолт 20:00-00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ.
Мөн ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, С.Бархас, С.Наран, Ж.Алтанцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.
Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох юм.
Энэхүү тоглолт нь зөвхөн нэг хамтлагийн ойг тэмдэглэх төдий бус Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн урлагийн томоохон хэмжээний арга хэмжээ юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Зочин · 14 минутын өмнө
BOOW XXN BOOW DOLOOJ ANUSDAAD DYRTAI SEXSEER TAICHNA80955877