Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсад “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор долдугаар сарын 11-13-нд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй. Энэхүү өдрөөр 55 орны зочид, төлөөлөгчид адууны өв соёлыг гайхуулах, сурталчлах зорилгоор манай улсад хуран чуулах юм. 

Эл өдөрт зориулсан “Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийг MGL медиа групп санаачлан “Хүлгийн төвөргөөн” энтертайнмент, “Гүюүлэн” студи, “Морьтон Монгол залуус” ТББ хамтран бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Ирэх долдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болох найман дугаар бүхий “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт Монголын хурдан морь уяач олны танил уран бүтээлчид болон “Physical Asia” шоуны гадаад оролцогчид баг болж оролцон хоорондоо өрсөлдөнө.

Тодруулбал,

• БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жоль Ху болон холимог тулааны мэргэжлийн тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Увс аймгийн Тэс сумын уугуул, Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч

• Филлиппин-Америкийн холимог тулааны мэргэжлийн тамирчин Марк Мүгэн, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, дуучин А.Хосбаяр

• Филиппин-Австралийн тамирчин Жастин Ковэни, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, дуучин Э.Төрмандах

• Өмнөд Солонгосын тамирчин Жан Ын Шиль, Төв аймгийн Сүмбэр сумын уугуул, дуучин Б.Буянжаргал

• Австралийн тамирчин, контент бүтээгч Дом Томато, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, дуучин Л.Сүхбаатар

• Австралийн фитнессийн тамирчин, дасгалжуулагч Кателин Ван Зил, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, дуучин Д.Эрдэнэ-Очир

• Австралийн регбигийн тамирчин Элони Вунакейс, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, дуучин Н.Мөнгөншагай

• Япон Улсын усанд сэлэлтийн тамирчин Кацүми Накамүра, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, дуучин Э.Дашням нар тус бүр баг болж өрсөлдөн, хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, арга ухаан, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд орчин үеийн энтертайнмент хэлбэрээр хүргэх юм.