Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?
46 минутын өмнө

2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр философич С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж нэг сарын хугацаатай хорихоор шийвэрлэсэн. Түүний “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” тухай өмгөөлөгч нарын гомдлыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл 2026 есдүгээр сарын 30-ны өдрөөс үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэртэй холбогдуулан тэрээр өмгөөлөгч С.Ганхуягаар дамжуулан захидал ирүүлснийг нийтэлж байна.
Миний бие Санжаадоржийн МолорЭрдэнэ 64 настай. Өнөөдрийг хүртэл ном бичиж, уншиж ирлээ. Нэг ч хором юу ч бичихгүй, бодохгүй, төвлөрөхгүй өнгөрөөж чаддаггүй. Надад авч буй эрх чөлөөг боож хааж байгаа явдал тэсвэрлэхийн аргагүй байна. Би 19 настайдаа Герман оронд суралцахаар явж улмаар 2 салбарт докторын зэрэг хамгаалсан.
Сүүлийн 20 гаруй жил улс орондоо зориулан ардчилсан нийгэмд хэрэгжүүлж боловсронгуй болгохын төлөө соён гэгээрүүлэх ажил хийж ирлээ. 30 гаруй ном бичсэн. Үнэхээр намайг хардаж сэрдэж байгаа бол яагаад хорихгүйгээр гадуур шалгаж болохгүй гэж. Би маш их гомдолтой байна.
Намайг хорих шалтгаан болох бодит баримт гэх юм юу байгаа юм бэ? Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү? Би философичийн ажлаа л хийсэн.
Дэлхий нийтийн сэхээтнүүдийн эрхэмлэдэг соёл дэвшил болох олон үзэл бодлоос нийгэм урагшлахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийг би эх орондоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм сайхан үйл хэргийг хорьж, замыг хааж хэзээ ч болохгүй.
Үзэл бодол олон байж чөлөөтэй илэрхийлэх боломж бол ардчилсан нийгмийн үнэт зүйл.
Сар гаруй хугацааны өмнө ИЗННаас намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зарлангуут улс төржүүлж эхэлсэн бөгөөд нэг жил хагасын өмнө ярьсан үзэл бодлыг гуйвуулж, олон нийтэд сөрөг ойлголтууд өгснөөр үйл явдал өрнөж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэл хийж хорих тухай би яриагүй гэж байсан.
Надад тэсэхийн аргагүй байна. Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна.
Доктор
С.Молор-ЭрДЭнЭ
Хорих 461-р хорих анги. 2026.09.28






