Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд уулзаж санал солилцлоо.

Уулзалтад ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа О.Нямдаваа, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ нарын удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэрэг, зөрчлийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод үйлдэгдэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхдээ техник технологи, хиймэл оюун ухаан ашиглах нь бодит үр дүнтэй гэдгийг ЦЕГ-ын удирдлагууд мэдээллээ. Технологийн дэвшил боллн хиймэл оюун ашиглахад анхаарах бодит шаардлага бий болсныг онцоллоо.

Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийн хугацааг хэмнэх, албан хаагчдын ачааллыг багасгах зэрэг олон давуу талтай гэж мэдээлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаярын зүгээс технологийн дэвшил болоод хиймэл оюуныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үйл явцад ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжинэ гэж байр сууриа илэрхийлэв