Өнөө үед Монгол улсад явуулж буй өргөн нэвтрүүлгийн зах зээлд Монголын үндэсний уран бүтээл гадаадын бүтээлд байр сууриа алдсаар байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал: 2014 оны 3 дугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь Монгол уран бүтээл, 70,79% нь гадаадын уран бүтээл байна. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээл нийт уран сайхны киноны 37.22%-ийг дангаар эзэлж байгаа нь монгол уран бүтээлээс илүү байна. Эндээс харахад Монгол Улсын иргэн, хүүхэд, өсвөр насныхны телевизээр үзэж буй гурван кино тутмын хоёр нь гадаадынх, мөн гурван кино тутмын нэг нь солонгос кино болсон байна. Түүнчлэн Монголын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт мэдээллийн 5,9 хувийг хүүхдэд зориулсан хөтөлбөр эзэлж байгаа бөгөөд хүүхдийн  нас сэтгэхүйд нийцсэн үндэсний нэвтрүүлэг хангалтгүй байна. Түүх, хэл соёл, зан заншил, хүүхэд залуучуудын ёс суртахуун, зан төлөвт сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгыг хязгаарлах хяналтын тогтолцоо, эрх зүйн орчин хангалтгүй байгааг анхааралдаа авах цаг болсон байна.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед манай иргэд боломжит бүх сувгаар мэдээлэл хүлээн авах болсон хэдий ч үндэсний уламжлалт ёс заншлaa хадгалсан, Монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд залуучуудын төлөвшил, хүмүүжил, монголын соёлын өвөрмөц төрх байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байсныг харгалзан үзэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Монгол уран бүтээл буюу Монгол контент” хөтөлбөрийг боловсруулж  өчигдрийн /2014.08.07/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

“Монгол уран бүтээл” /Монгол контент/ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо нэмэгдэн чанарт ахиц гарч, урын сан баяжиж уран бүтээлчдийн ур чадвар дээшлэхийн зэрэгцээ манай иргэд монгол үндэсний соёл түүхээсээ суралцах боломжтой болох юм. Түүнчлэн Монголын уламжлалт түүх, соёл, зан заншлыг хүүхэд, залуучууд, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг үндэсний уран бүтээлээр баяжуулах, нийгэм-эдийн засгийн хөгжилд чиглэгдсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг онцгойлон дэмжих, монгол урлагийн бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд “Монгол уран бүтээл” (Монгол контент)хөтөлбөр чухал ач холбогдолтой юм.