ҮДБЭЧуулга 2014 оны IV-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш монголын түүхийг сошиалист агуулгаар гуйвуулснаас болж бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлэх юм.

Богд эзэн хаан анхныхаа зарлигт: “Би өргөмжлөлийг хүлээж, Монгол улсын хааны ширээнд суусан нь Бурханы шашныг буман нарны гэрэлт мэт хиргүй мандуулан, хаан төрийг Сүмбэр уул мэт бат болгож, олон мянган албатыг энх түвшний соёлд оруулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр ялангуяа хан, ван, ноёдыг дараалан түмэн албат хүртэл төв шударга, хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулж хишиг тараана ” хэмээжээ.

   200 гаруй жил харийн түрэмгийлэгчидийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ "ОРОЙН ДЭЭД" түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно. Дээрхи түүхэн дүрүүдэд ҮДБЭЧуулгын дуучин МУАЖ.Д.Самбуу, МУГЖ.Н.Амгалан, МУГЖ.С.Эрдэнэцэцэг, МУГЖ. Д.Ширмэнтуяа, МУСТА. Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, Х.Энхбаатар болон залуу дуучид хүч сорин авъяас билгээ дайчлан ажиллаж байна. Энэ түүхэн дуулалт жүжгийн уран бүтээлчид монголын түүхийн эгзэгтэй үеийг эргэн сануулж,  эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг монголын ард түмний хувьд ямар их үнэ цэнээр олдсон хийгээд дахин хэзээ ч алдаж болохгүй зүйл гэдгийг урлагийн яруу сайхан хэлээр ард түмэндээ хүргэх зорилготой юм. Энэ бүтээлд ҮДБЭЧ-н АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, СУИС-н ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  Х.Хашхүү, О.Цэцгээ  нар ажиллаж байна.