Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдийн ам, хөлийг скочдсон гэх мэдээллийг эцэг, эх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байгаа. Эцэг, эх нь хүүхдээ цонхны завсраар харж байхад багш нь ам, хөлийг нь хамт скочдсон байсан гэх гомдлыг цагдаад гаргажээ. Уг явдлыг цэцэрлэгийн багш, эрхлэгч үгүйсгэж, худал мэдээлэл тарааж багшийн нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр багш нь дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргасан гэнэ.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Нийгэмд үнэн бодитой мэдээлэл тараагаагүй. Багш амыг нь биш хөлийг нь скочдсон гэсэн. Гэхдээ эцэг, эх нь цонхоор харсан хэрнээ тэр дороо орж ирээгүй, үдээс хойш ийм мэдээлэл тараасан. Бид багшаа өмөөрч байгаа юм биш. Үнэндээ өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн ачаалал их байна. Энэ явдал ч хүүхдэд сөргөөр нөлөөлж, хэт их ачаалал багш, ажилчдын гомдлыг төрүүлж байна. Ачаалал ихтэй ажиллаж байгаа багш нарт хэцүү байгаа ч хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл тараагаагүйд гомдол гаргасан” гэжээ.

Тус цэцэрлэг 250 хүүхэд хүлээж авах багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар ачаалал нь хэрээс хэтэрч 600 гаруй хүүхэд явж байгаа гэнэ. Цэцэрлэгийн стандартаар бол хоёр багш дээр 25 хүүхэд байх ёстой ч өнөөдрийн байдлаар хоёр багшид 60-70 хүүхэд ногдож байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn