ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос Үндсэн хуулийн цэцэд гурав дахь удаагаа гаргасан.

Хуулиар бол Цэц энэхүү саналын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, уг хариуг энэ долоо хоногт багтаан гаргах ёстой юм.

Прокурорын саналын хариуг хэрхэн өгөх бол? Хариулт нэхсэн энэ асуудлыг өчигдрийн байдлаар Цэцийн гишүүд судалж байгаа гэлээ. Прокурор Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт буруутгаж байгаа юм. Цагдаагийнхан Д.Сугарын МИАТ-ийн хэргийг хамсаатнууд нь болох Ч.Хоролсүрэн болон МИАТ-ийн захирлуудын хэргээс тусгаарласан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Өдгөө МИАТ-ийн хэргээр ял авсан хүмүүсийн зарим нь хохирлоо барагдуулсан, ялаа эдлээд шоронгоос гарч байгаа гэх мэдээллүүд бий. Харин Д.Сугарын хувьд тусгаарласнаас хойш ямар нэг ажиллагаа хийгдээгүй Цэцийн “хана”-ыг хоёр удаа мөргөчихөөд байгаа ажээ.

Прокурорын энэ удаагийн санал Цэцийн гишүүдийг гацаанд оруулаад байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Цэц эхний саналын хариуд “Үгүй” гэж шууд хариулж байсан бол хоёр дахь удаагийнхад “Д.Сугарыг цалингийн 30 хувиар торгосугай” хэмээн шийдэж байлаа.

Өмнөх хариунуудад баримталж байсан Үнд­сэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг түдгэл­зүү­лэх, эргүүлэн татах талаар хоёрхон заалт бай­даг байна. Тэр нь тус хуулийн тавдугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт    

“...Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ...”

“...Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заажээ.

Эх сурвалжийн мэдээл­лээр Цэц Д.Сугарыг урьдын адил хамгаа­лаад үлдвэл шууд шүүх рүү шилжүүлж ший­дүүлэхээр зэхэж байгаа ажээ. Үүний дараа Цэц хуу­лийнхаа 5.3 дахь зүй­лийн дагуу эргүүлэн татах тухай шийдвэрийг гаргах учиртай юм. Д.Сугарын хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сандагсүрэн хянаж байна.

"Зууны мэдээ" сонин