Өнгөрсөн амралтын өдөр “River stone” орон сууц­ны барилга дээр ажил­лаж байсан гурван залуу унаж амиа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал тус барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хав­тангийн олс тасарч өндрөөс унасан аж. Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 23 настай талийгаач Б нь “Их засаг” их сургуулийн оюутан, харин А нь 17 настай Архангай аймгийн харьяат байжээ.

Оюутнууд өнгөрөгч баасан гарагаас эхлэн түр гэрээ байгуулан туслах ажилт­наар ажиллаад ердөө хоёр хонож байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэд сургалтын төлбөртөө нэмэр болох зорилгоор барилга дээр ажиллаж байсан гэнэ.

Тус орон сууцны ба­рилгыг “S development” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" ХХК гүй­цэтгэж байжээ. МХЕГ-аас тус барилгын үйл ажил­лагааг дөрөвдүгээр сараас эхлэн зогсоож, цахил­гааныг нь тасалсан байна. Эл хэргийн талаар хуу­лийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Ослын гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны болоод бусад эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байгааагүй байжээ.

Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан бөгөөддүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид есөн давхараас доош унажээ.

Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол, нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй аж. 

Талийгаачийн ар гэрийнхний хувьд тухайн компанид гомдолтой байгаад зогсохгүй эмнэлгийн ажилчдыг буруутгаад байгаа юм. Учир нь гурван залууг өндрөөс унаад цаг хиртэй болсоны дараа түргэн тусламжийнхан ирсэн аж. Энэ үед талийгаач залуу амьд байсан бөгөөд “энэ утас манай ахын дугаар” гээд утасны дугаар хүртэл өгчээ. Улмаар тэрбээр эмнэлэгт очоод 10 минут болоод амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна.