Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлсэн бөгөөд 69 хүүхэд хордоод байсан юм.  

Үүний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн байна. 
Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарлаа. 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна. Мөн цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь халдваргүйтгэлийг “оромдсон” гэсэн үг юм.

Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрлээ. Ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн бичигтэй байгаа ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй. Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэллээ. Ханбогд сумын хөрс, ундны усанд МХЕГ-ын төв лабораторид шинжилж байна. Баян-Өлгий аймагт дотуур байрны хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоох шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарна.