Миний бие Нийслэлийн Засаг дарга, Монгол улсын баатар Э.Бат-Үүлд нэгэн ил захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргүүлсэн билээ.

Бат-Үүлийн хувьд, ялангуяа түүнийг ардчилсан хөдөлгөөний эхэн үед ихээхэн хулчгар зан гаргасныг, анхны цуглаанд оролцолгүй нуугдаж явсныг миний бие илчлэн хэлснээс хойш өөрийгөө ардчилсан хөдөлгөөнд ямар их хувь нэмэр оруулж гийгүүлснээ шал худлаар дөвийлгөн магтахад хамгаа зориулах болсноос үүдэн дээрх захидлыг бичихэд хүрсэн хэрэг.

Гэхдээ миний ил захидал зөвхөн Бат-Үүлийн асуудлыг хөндсөн ч хэрэг биш. Бидний хэдэн уран бүтээлч залуучууд ардчиллын төлөө тэмцлийг хов хоосон орон зай дээр эхэлсэн. Бидэнд тулгуурлах, бариад авах юм бараг байгаагүй. Чухам иймээс бид онцгой болгоомжтой, бодолтой, яаралгүй, алхам бүрээ эргэн харж явах ёстой гэдгээ мэдэрч байсан. Юуны өмнө бид чухам юуг хүсч, зориод байгаагаа тодорхой ойлгох, учирч болох бэрхшээл, аюулыг тооцоолж, давах бэлтгэлтэй байх, ямар ч тохиолдолд давж чадна гэсэн итгэлийг өөртөө бий болгож, эргэж буцахгүй зүтгэх гэсэн гурван нөхцлийг сэтгэл зүйн хувьд бүрдүүлж чадсан. Чадсан дээрээ ч “Дэвшилтэт залуучуудын эвсэл” гэдэг ажлын нэртэй, залуучуудын улс төрийн байгууллагыг байгууллаа гэдгээ ил зарласан нь одоогийн Монголын Ардчилсан Холбоо билээ. Бидний эхэлсэн ардчилсан хөдөлгөөн эхнээсээ нийгэм, улс төрийн бие даасан урсгал болж, бүх давхаргыг тоталитар дэглэмийн эсрэг тэмцэлд нэгтгэн, зохион байгуулах зорилгод үйл ажиллагаагаа байнга чиглүүлж, үзэл баримтлалын хувьд либерал-консерватив тал руу илт хэлтийсэн, олон намын тогтолцоонд тулгуурласан ардчилсан хөгжлийн замаар Монголын ирээдүйг тодорхойлох, үндэсний эрх ашигт харшлахгүй тохиолдолд дэлхийн улс орнуудтай эрх тэгш хамтран ажиллах, соёл, шашны үнэт зүйлсийг сэргээн дэлгэрүүлэх эрмэлзлээ илэрхийлж байсан. Энэ нь Бат-Үүл, Зориг нарыг орж ирэхээс хаа өмнөх асуудал. Мэдээж, тэр үедээ либерал-консерватив тал, энээ тэрээ гэж бид ярьж байгаагүй, сайн мэддэг ч үгүй байсан боловч өнөөгийн улс төр судлаачид бидний анхны алхмуудыг дээрх байдлаар дүгнэж байгаатай санал нэг байна.

Ил захидал гарсны дараа надад хандсан утасны яриа, мессеж, коммент сэлтээс үзэхүл үндсэндээ хоёр чиглэлээр хандсан байх юм. Эхнийх нь намайг үзэн ядсан, хорссон хүмүүсийн дайралт, доромжлол, сүрдүүлгээс бүрдэнэ. Олон биш ч гэсэн бас хангалттай байх юм аа. Гэхдээ тэдний үзэн ядсан тэчъяадал нь ганцхан зүйлд, тухайлан ардчилсан хөдөлгөөний үүсэл, өрнөлийн бодит түүхийг мэддэг хүмүүс загас шиг дуугүй байгаасай гэсэн хүслээс үүддэг нь анзаарагдав. Тэдний ихэнх нь миний ярьж хэлж байгаа зүйл, үгүйдээ л үнэний ортой гэдгийг гадарладаг болтой юм, гагцхүү түүнийг ил дэлгэн ярьдагт л хорсоод байдаг аж. Үнэнийг л хэлүүлэхгүй байх гэсэн энэ чин эрмэлзлийн цаана ардчилсан үйл явцын өрнөлийг өөрийнхөөрөө тайлбарлах, огт байгаагүй гавъяагаа байсан мэтээр ярих замаар улс төрийн капитал хураан, эргэлтэд оруулж, яваандаа түүнийгээ албан тушаал, биет хөрөнгө болгон хувиргаж байх монополь эрхийг олж авах хүсэлтэй нэг буюу хэсэг хүн байгаа нь илт мэдрэгдэж байна. Тэдний хувьд өгөх миний хариу их энгийн бөгөөд товч.

НАЙЗУУД АА, ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА!

Харин олонхи нь өнөөгийн бий болсон байдлын үр урхагийг ойлгох юмсан, ардчилал яагаад ингэж гажуудсаны учрыг мэдэх юмсан гэсэн хүсэлтэй байгаа нь бас харагдав. Санаагаа товчхон илэрхийлэх шаардлагад захирагдаад зарим нэг зүйлээ дутуу мөчид хэлснийг тэд гярхай анзаарч, зарим зүйлийг илүү тодорхой тайлбарлахыг хүсч, шаардаж байна. Тэдний түмэн зөв. Иймд ирсэн асуултуудыг багцалж, өөрөө өрөөсөө асууж байгаа маягаар, бүгдэд нь биш гэхэд олон ирсэнд нь дараахь тайлбарыг өгч байгаа нь энэ.

-С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар ардчиллыг гажуудуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж чухам юуг үндэслэж хэлээд байгаа юм бэ?

-Юуны өмнө С.Зориг, Э.Бат-Үүл хоёр ардчилсан хөдөлгөөнд сүүлд, замын дундаас нэгдсэн гэдгийг дахин хэлмээр байна. Уран бүтээлчдийн ардчиллыг өрнүүлэхийн төлөө хийсэн эхний алхмуудыг л харснаас биш цаад зорилгыг нь ойлгоогүй явсан нь харагдсан. Элбэгдоржийн хувьд уран бүтээлчидтэй эхнээсээ явсан боловч, чухам юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Энэ гурав ардчилсөн хөдөлгөөн доторхи нэр нөлөөгөө нэмэгдэнгүүт хамгийн түрүүнд Ардчилсан холбооны үйл ажиллагааг Хятадын талыг давамгай баримталсан, шинэ коммунист үзэл санаан дээр тулгуурласан байдлаар эргүүлж, ортодокс коммунист үзэл санаанд суурилсан тоталитар дэглэмийг мөн чанараар нь эсэргүүцэх биш, зөвхөн тэр үеийн МАХН-ыг сууринаас нь ховхолж, өөрсдөө оронд нь гарах тал руу илүү хүч чармайлт тавьж эхэлсэн. Энэ нь тэр үеийн МАХН-д коммунист үзэл баримтлалаасаа татгалзаж, ардчилсан социалист үзэл санаа бүхий шинэ нам болж бүрэлдэх замаар суудлаа хадгалж үлдэх таатай боломж олгосны горыг бид өнөөдөр ч амссаар байна. Уг нь уран бүтээлчдийн хувьд Үндсэн хуулиас МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийг заасан заалтыг хасахын зэрэгцээ коммунист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн байгууллага байгуулахыг хориглосон заалт оруулахын төлөө өргөн тэмцэл өрнүүлж, түүний далбаан дор нам, эвлэл, пионерийн байгууллагыг тараалгаад, шинэ намуудыг гарааны ижил тэгш нөхцөлөөс үйл ажиллагааг нь эхлүүлэх бодлогыг баримталж байсан боловч үүнийг мань гурав эсэргүүцсэн нь түүхэн үнэн. Одоо бол өнөөгийн МАН, Ардчилсан намын үйл ажиллагаа нь доогуураа тэмцэлдээд байгаа мэт дүр үзүүлэх боловч удирдлагынхаа түвшинд ашиг сонирхлоороо бүрэн нэгдсэн, далд хуйвалдааныг сэдэж, хэрэгжүүлэх талдаа өдрөөс өдөрт гаршиж байгаа нэг бүхэл цогц болж хувираад байна. Энэ нь дээрх гурвын байр сууринаас шууд үүдэн гарсан ардчиллын гажуудал мөн.

-Өнөөгийн ардчилал зогсонги байдалд орсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Харин ч нийгэм маань хаашаа ч юм, гүйгээд байгаа нь үнэн. Бүр замаа ч харах сөгөөгүй, ухаан жолоогүй харайлгаж байна гэвэл үнэнд илүү нийцнэ. Гарч ирсэн Засгийн газар бүр энэ хурдыг сааруулчих вий гэхээс үхтэлээ айж, нүүрээ сайн шиг ширлэж байгаад гаднаас зээл, тусламж, хандив, ер авч болох бүхнийг гуйхад хамаг цагаа барж байна. Дараа яаж эргүүлж төлөх вэ гэдгийг ч бодох сөгөө тэдэнд алга, бид л хурдыг сааруулахгүй байвал барав, дараа дараачийн үе яаж төлөх нь бидэнд ямар хамаа гээд л зүтгээд байна.

Гэтэл өнөөдөр бидэнд түр ч гэсэн зогсч, амьсгаагаа дарж, эргэн тойрноо харж, ер нь бид чинь хаашаа гүйгээд байгаа билээ? Яах гэж гүйж байгаа билээ? Үнэхээр зөв тийшээ гүйж чадаж байна уу? Заавал ингэж ааг амьсгаагүй гүйх хэрэгтэй юу? Яаралгүй тайван алхаж болохгүй юу? гэсэн асуултуудыг өөртөө тавих цаг болсон мэт. Гэвч үүнийг хэн ч зөвшөөрөхгүй, харин ч “Ардчиллын гэрэлт ирээдүй рүү явах замд саад хийсэн бул хар чулуу” гэж хараах нь энүүхэнд. Үнэхээр өнөөдөр ардчилал гэж юу болох, хаана байх, яаж хүрэхийг мэдэхгүй эрх мэдэлтэн нэг ч байхгүй. Төрийн байгуулалтын тухай шинжлэх ухааны мэдлэг нь хомс байх тусмаа улам илүү мэддэг дүр үзүүлэхийг яана. Мэтгэлзэж, тайван хэлэлцэх замаар, ер юу болоод байгаагийн учрыг олох гэсэн оролдлого бүхэн тийм эрх мэдэлтний “Ардчилалд яаж хүрэхийг чи бидэнд заах юм уу?” гэсэн ихэрхэг бардам эсэргүүцэлд тулж бут үсрэх билээ. Бидний харайлгаад байгаа зам мөр зөв гэж хэн хэлсэн юм бэ? гэсэн асуултад ороогдоод, бүр арга ядвал  “Элбэгдорж, Бат-Үүл хоёр заасан” гэх буюу “Америк ах нар ийшээ яв гэсэн” гэж ам таглахыг оролдоно.

Энд хонин сүргийн тухай нэг яриа санаанд оров. Хонин сүрэг яагаад хуцыг дагадаг вэ гэхээр сүрэг манлайлах гэж ингэтлээ зүтгээд байхыг бодоход энэ данхлай л хамгийн их өвс, устай газрыг мэддэг, биднийг тийш нь аваачих юм байна гэж итгэдгээс гэнэ. Харин хуц өөрөө бол юу ч мэдэхгүй, зөвхөн өвсний соргог, усны тунгалгийг бусдаасаа түрүүлж хүртэхийн тулд сүргийн манлайд явах гэж зүтгэдэг гэх.

-Америк, Барууныхны зааврыг дагахад яагаад болохгүй гэж? Тэд чинь ардчилсан нийгмийг хэдийнэ байгуулсан, асар их туршлагатай орнууд шүү дээ?

-Анх ардчилсан хөдөлгөөнийг эхэлж байхдаа бид нэг юман дээр үнэхээр их төөрөлдөж байж. Бид ардчилсан хөгжлийн замд оронгуут барууны орнууд бидэнд өргөн хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлнэ, Монгол Улсыг дэлхийн тавцанд нэр хүндтэй, хөгжингүй улс болгоход сэтгэл харамгүй тусална гэдэгт би ч бас итгэж явсан үе бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд барууныхан Монгол улсыг зөвхөн өөрсдийнхөө айдаг хоёр их гүрний дунд байгаа газар зүйн таатай байрлал, байгалийн нөөц баялгийн талаас л сонирхохоос биш, Монгол төрийг хүчтэй, нэр хүндтэй байлгах талаас нь огт сонирхохгүй, харин ч эсрэгээрээ, монголчуудыг мэдлэг, чадвар муутай удирдагчидтай, ядуу, өөрсдөөсөө байнгын хараат, үгнээс гардаггүй дуулгавартай, номхон байлгахыг сонирхоод байгаа нь улам тод харагдах боллоо. Гэхдээ энэ нь тэдний өмхий санаатайнх, монголчуудад муугийнх биш юм аа. Аливаа улс орон бүрийн хамгийн түрүүнд барьдаг эрх ашиг бол үндэсний эрх ашиг байдаг. Гадаад харилцаа, зээл тусламжийн бодлогоо хүртэл тэд зөвхөн өөрийнхөө эрх ашигт хэр нийцэж байгаагаар хэмждэгт л гол учир нь байгаа юм. Тэхээр барууны орнуудын хувьд Монгол Улс хэнээс ч хараат бус, бие даасан бодлоготой, хүчтэй, нэр хүндтэй, үгүйдээ л байгалийн баялгаа гадныханд ашиглууллаа гэхэд өөртөө ашигтай нөхцлийг тавьж чаддаг, тэрийг нь хүлээж авахгүй бол “Тэгвэл больчих л гүй юу” гэчихээд хаалга саваад гарч чаддаг болох нь эрх ашигт нь харшлаад байгаа хэрэг л дээ. Тэдний өгч байгаа зөвлөгөө заавар, зээл, тусламж бүхний цаана Монголын эрх ашгаас илүү, өгч байгаа орны эрх ашиг нуугдаж байгаа гэхэд болно. Үнэхээр тэдний буруу биш, тэд ч бас Америк, Япон, Солонгос, Герман, Хятадын эх орончид л байгаа шүү дээ. Хамгийн гол нь бид тэдний энэ эрх ашгийн хариуд өөрийнхийгөө сөргүүлэн тавьж чадах хэмжээний потенциалыг бий болгох нь зөвхөн биднээс л шалтгаалах юм гэдгийг л ойлгох хэрэгтэй болжээ.

Харамсалтай нь өнөөгийн “ардчилагч” нар бүгдээрээ Барууны ардчиллын үнэнч боол, бууны нохойн үүрэг гүйцэтгэж, үндсэн агуулгаараа Монгол улсын үндэсний эрх ашигт эрс харшлах асуудлаар ч тэдэнтэй маргахаас илт зайлсхийн, дагаж намирахыг урьдал болгоод байдагт л гол учир байгаа юм. Оюутолгой, Кожеговь гээд олон асуудал үүний жишээ. Тиймээс бид гадныхныг монголын төлөө зүтгэхийг хүлээж, шаардаж, халаглаж суухаасаа өмнө өөрсдөө, амаараа биш, ажил хэргээрээ эх орончид болох хэрэгтэй.

-Нийгмийг нэгтгэсэн зорилго байхгүй болжээ гэсэн, үр дагавар нь яаж харагдах юм бэ?

-Өнөөгийн Монголын нийгэм үндэсний нэгдсэн үзэл санаа, нэгдмэл эрх ашгаар гагнагдсан цулын чанараа алдсанаас хойш олонхи нь “Яаж амьдрах вэ?”, цөөнх нь “Яаж баяжих вэ?” гэсэн бодолд толгойгоо гашилгасан, хувь хувиа хичээсэн, ёс суртахуун, хүнлэг чанараа нүдний өмнө илтэд гээж байгаа, тэр утгаараа бусдынхаа өмнө, нийгмийн өмнө, ирээдүйнхээ өмнө хүлээх бүх хариуцлагаас өөрийгөө чөлөөлсөн хүмүүсийн бөөгнөрөл болтлоо дор оржээ. Энэ бүлэг дотроос хамгийн аргатай, зальтай хэсэг нь ардчиллын зүтгэлтний баг зүүгээд дулаан байр, өндөр суудлын төлөө их аян дайнд мордож, эрх мэдлийн тэвшинд бусдаас түрүүлж хүрэхээр гахай мэт чарлалдан түлхэлдэж байгааг бид бүгд харж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн ардчиллын лидерүүд гэгч нь ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн процессийг залж, чиглүүлж, удирдахаа болиод, улс орныхоо хувь заяаг гаргуунд нь хаяад, зөвхөн хувийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлэх чиглэл рүү сансрын хөлгийн хурдаар дүүлцгээж байна. Үүнийг нь бид “Ардчилалд түргэн хүрэхээр л яарч байгаа юм байлгүй, хөөрхийс” гэж ойлгоод, бүр дэмжээд байгаа нь хамгийн инээдтэй. Гэхдээ инээх гэж яарахаа больё. Учир нь биднийг ингэж суух зуур, араар маань нөгөө харийнхан ажил хэрэгчээр, яаралгүй тайвнаар Монголын минь газар шороо, байгалийн баялаг, санхүү, эдийн засгийн бүх түлхүүрийг гартаа оруулж, өөриймшүүлж авч байна. Ингэхээр инээдэм биш эмгэнэл болчихож байгаа юм. Дахин хэлэхэд энэ нь харийнхны буруу биш шүү. Эзэн нь хаясан, хайхрахаа больсон, хөсөр орхисон юмыг авч байгаа хүний буруу гэж юу байх билээ.

Нөгөө талаар нийгэм задарснаас болж хүн бүр шударга ёсыг өөр өөрийнхөөрөө ойлгож тайлбарладаг боллоо. Эд хөрөнгөө бусдад алдаж хохирсон хүн шударга ёсыг өөрийнхөөрөө хүсч байхад, тэр эд хөрөнгийг нь авсан хүн ч бас өөрийнхөө зөвд бүрэн итгэж, өөрийнхөө ойлголтоор шударга ёсыг шаардах жишээтэй. Гэтэл үүний цаана нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн шударга ёсны ойлголт гэдэг, хамгийн чухал юм нь огт байхгүй болж, зөвхөн аргатай, зальтай, арын хаалгатай хүмүүсийн зохиосон “шударга ёс” дангаараа ноёрхож байна. Энэ нь бүр хууль хяналтын, шүүхийн үйл ажиллагаанд ч нэвтэрчээ.

Өөр олон үр дагаврын тухай яримаар байвч ингэсгээд больё доо.

-Шүүмжлэх бол амархан. Харин Таны хувьд ер нь яая гээд байгаа юм бэ?

-Өөрийнхөө санааг хэлснээс тарваганы нүхэнд хашгирвал ядаж цуурайтах магад. Тэртэй тэргүй хэн ч сонсохгүй. Харин би ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцэж асан уран бүтээлчдийнхээ дэвшүүлж байсан санаанаас зөвхөн нэгийг хэлье.

Ил захидалд дурдсан даа, Монгол Улсын өөрийнхөө зардлыг өөрөө нөхөх чадвар гэж. Эрт цагаас монголчууд хэрэгцээтэй бүхнээ өөрсдийнхөө хүч, хөдөлмөрөөр хангачихдаг байсныг түүх гэрчилдэг. Тэд гаднаас нэг их юм аваад байдаггүй, хоол хүнс, хувцас, ахуйн болон цэрэг дайны хэрэглэлээ дотоодоосоо хангадаг байсан учир гадны нэг ч улсад эдийн засгийн болон бусад аргаар боомилогддоггүй байсан гэж байгаа. Харин 21 оны хувьсгалаас хойш Зөвлөлт Оросын бараанд дасч, улс төрөөс гадна эдийн засгийн хувьд хараат байдалтай болсныг бид өөрчлөхийн тулд Ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн. Үүнд нэг жишээ ярьдаг байснаа санаж байна.

Улиастайд цагаантан Вандановын отряд гэж байгаад Хатанбаатарт цохиулсан гэж түүхэнд гардаг даа. Тэр отряд ердөө 80 орчим хүнтэй байсан, тэр мөртөө оёдлын, арьс ширэн тоноглолын болон дархны газартай, бүр зэвсгийн үйлдвэртэй байсан гэдэг. Айлын ширмэн тогоог цуглуулж бутлаад, гар бөмбөг хийж байсан гэж түүх сударт тэмдэглэсэн нь бий. Мэдэх хүмүүсийн ярих нь, отряд өөрийгөө наад захын хэрэглээний зүйлээр бүрэн хангаад зогсоогүй, илүү гарснаа монголчуудад худалдах буюу захиалгаар хийж байсан гэх юм билээ. 80 орчим хүнтэй отряд ингэж чадаж байхад 8000 хүнтэй сум чаддаггүй нь юусан билээ гэсэн асуултыг бид өөрсдөдөө тавьсан юм. Аймаг бүр, сум бүр өөрийнхөө наад захын хэрэгцээг хангадаг, бүр цаашилбал улс орон даяар, олон улсад хүртэл нэр хүндтэй, одооныхоор бол брэнд бүтээгдэхүүнтэй болох боломжтой, үүнд цогц дэмжлэг үзүүлэх нь зүйтэй, ингэж чадвал бид хэзээ ч бусдаас хараат байхгүй байж чадна гэлцсэн асан. Цогц гэдэгт, нэгд, хөнгөлөлттэй зээл олгох, хоёрт, улсын зардлаар мэргэшүүлэх, гуравт, наад захын багаж хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, дөрөвт, сурталчилгаа, тээвэрлэлт, борлуулалтад нь эхний хоёр жил хүртэл хугацаанд улсаас дэмжлэг үзүүлэх явдал гэж байлаа.

Тэгээд яав? Ёстой мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг л болсон. 12000 хүнтэй том сууринд монгол цоожны өргөс гагнах дархан олдохгүй, хаа хол явж байгаа хүнтэй таарч л байлаа. Ул загначих ганц гуталчингүй сум өчнөөн. Монгол өөрөө цаа бугатай мөртөө арьсыг нь ашиглаж чадахгүй, Сибирийн цаа бугын арьсан гутлыг тэнгэрт хадсан үнээр авч л байна. Тэр мөртөө муулаад идчихсэн хониныхоо арьсыг элдчихдэг хүн байхгүй болоод, ченжүүдэд хоёр гуравхан хайрцаг хямдхан тамхины үнээр өгөөд, нөгөөдүүл нь томоохон рестораны ганц жүнз архины үнээр хятадуудад өгсөндөө баярлаж байх юм.

Бидэнтэй хамт эдийн засаг нь унаад баларч байсан Оросыг хар, барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авангуут, “Та нарынхаар дутахгүй” гээд, хариуд нь өөрсдийг нь боомилж дөнгөхийг хараад нэг талаар атаархаж, нөгөө талаар гутрав. Тэр том эдийн засгаа унагаасан Орос хэдийнэ босоод, тоосоо гөвчихөөд инээж байхад бид энэ харьцангуй жижиг эдийн засгийг өргөж даахгүй хорин хэдэн жил хэвтээгээр нь ноолж байна гээд бодохоор ямар өчүүхэн улс төртэй, өчүүхэн бодлоготой, өчүүхэн улс төрчидтэй юм бэ дээ гэж халаглав. Өнөөдөр ганцхан Хятад л бидэнд ийм хориг арга хэмжээ авлаа гээд бодоход биднээс юу үлдэх бол?

Нэгэн цагт Ерөнхий сайд байсан хазгар Гэндэн Сталины гаансыг хуга цохиж агсрах хэмжээнд том харьцдаг байж. Сая Орос, Хятадын дарга нар ирэхэд манай томчууд бүгдээрээ бөгсөө тонтгонуулан, урдуур хойгуур нь гүйгээд, арай л гутлыг нь арчиж өгч байгаа харагдсангүй. Дөхсөн шүү.

 “Зүүгээ ч өөрсдөө хийж чадахгүй байж тусгаар улс гэж яриад яадаг юм бэ” гэж Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний индрээс манайхны нэг нь хэлж билээ, түүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн байна, хаана байна, тэр монгол зүү?

Энүүхэндээ гэхэд сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа нь бидний өмнө ярьж байсантай дүйх мэт боловч, хэрэгжүүлэхдээ нөгөө цогц арга хэмжээнээс ганцхан зээл өгөхийг нь хэрэгжүүлээд л хаядаг болсныг хэлэх нь зүй. Жижиг, дунд үйлдвэр байгуулна гэж зээл авсан 10 нэгж тутмын долоо нь зээлийнхээ мөнгөөр наймаа хийгээд явчихсан байх юм. Мэдээж, төр засаг нь зээл эргэж төлөгдөж л байвал барав гээд дуугүй өнгөрнө. Ийм замаар хөгжинө гэж чалчсанаас дуугүй байсан нь хамаагүй дээр

Асуулт хариултаа дуусгаад ил захидал руугаа буцаж оръё. Өнөөгийн байдлыг хараад байхад манай улс төрчид мэдэхгүй, чадахгүйдээ биш, адгийн муу мань мэтийнхний хараад байгаа зүйлийг хүртэл харахаа байтлаа сохорчихсондоо ч биш, зүгээр л зориуд, хэн нэг хүний заавраар, Монгол Улсаа ядуурлын түвшинд санаатай барьж, гадныхны байнгын барьцаанд байлгахаар зориудын, бодлоготой юмыг хийгээд байгаа юм биш байгаа гэсэн бодол надад төрдөг болоод удаж байна. Энэ тэр нам ч гэхгүй, бүгд шүү. Итгэхэд хэцүү боловч бодит байдлыг харсаар байж “үгүй, тэгээгүй” гэх бүр ч хэцүү байна.

Тиймээс би эцсийн, ягдсан арга болгож Бат-Үүлд хандсан хэрэг, тэрнээс биш ганц Бат-Үүлдээ ч учир нь байгаа хэрэг биш л дээ.

 

Чимидийн ЭНХЭЭ