Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарлаа. Тухайлбал, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас гарган босгож, дэд бүтцийн зарим салбар болон улсын эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулан орон сууцны барилгын дэд бүтэц, хот хоорондын зам, иргэний нисэх, орон сууц барьж байгуулан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийн салбарууд амжилттай хөгжих бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Манай Засгийн газрын үед эдгээр яамдууд хариуцсан ажил үүргээ сайн биелүүлж ажиллалаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна. Үүнд:

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчлөв.

Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтай болгох саналтай байна. Учир нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох саналтай байна. Үүнтэй холбогдуулан одоогийн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцах юм.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгож хамаарах асуудлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хамааруулж, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулав.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад худалдааны зохицуулалт, гадаадын хөрөнгө

оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа бодлогыг нэмж хамааруулав.

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан зээл, тусламжийн нэгдсэн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг нэмэн хамааруулав.

Засгийн газрын бүтцийг өөрчилснөөр яамдын зарим үйл ажиллагааны давхардлыг арилгаж, үйл ажиллагааг шуурхай болгож, илүүдэл орон тоог цөөрүүлж, төсөв мөн тэр хэмжээгээр хэмнэгдэх болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хавсаргав.

Засгийн газар