Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарч монголчууд бид төрийнхөө тэргүүнийг тодрулах хариуцлагатай сонголтын өмнө ирлээ. Өмнөх байдлаас ажиглахад улс төрийн намуудын явцуу бөгөөд хариуцлагагүй үйл ажиллагааны уршгаар монголчууд төрөө сонгож чадахаа больж сонгууль бүр шудрага бус, булхай, луйвартай, үргэлж хэл ам, хэрүүл маргаан дагуулан тэр нь удаан хугацаагаар үргэлжилсээр өнөөг хүрч байгаа.

Бид бол тэдэнд иргэд биш зөвхөн санал өгөгчид л харагдаад байгаа юм. Нэр дэвшигчид нь сонгуульд амалсан зүйлээ биелүүлдэггүй, түүнийхээ төлөө  ямар ч хариуцлага хүлээдэггүй, эх орон ард түмнийхээ төлөө хэмээн уриалавч хоорондоо эрх мэдлээ булаалдахаас цаашгүй больчихож.

Энэ бол зөвхөн ганц нэг нам, сонгуулийн тойргийн асуудал бус, энэ бол улс орныг маань ээлжлэн удирдаж буй улс төрийн намууд болон тэдгээрээс нэр дэвшин сонгуульд оролцогчид, хуульчдийн дунд буй болсон улс төрийн ёс зүй, төлөвшлийн нийтлэг бүр түгээмэл дүр төрх нь.


Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн тоо 150 мянга давж байгаа. Энэ бол УИХ-ын сонгуулийн гурав дөрвөн тойрог нийслэлийн бүтэн дүүргийн хүн амтай дүйцэхүйц тоо. Өмнөх УИХ-ын сонгууль шиг цагыг нь тулгаж байгаад шууд тулгах бус одооноос гадаадад амьдарч буй иргэд ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах уу, хэрэв оролцвол ямар механизмаар, яаж оролцох, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон ажил байдлын талаар танилцуулж иргэд бид сонгуульдаа мэдээлэлтэй оролцож саналаа өгмөөр байгаа юм. Бид сонгуулиас сонгууль дамжин намуудын далбаанд ороосон чулуу атгамааргүй байна.


Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гадаадад суугаа иргэдээ зөвхөн намуудын төлөө санал өгүүлэхээр ямарч санал асуухгүйгээр бүр шийдчихсэн байсан нь уг чанартаа бол иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хязгаарласан үйлдэл болсон гэж би боддог. Гадаадад суугаа иргэдээ сонгуулийн жийрэг золис болгох гэсэн юм уу тэд, юу гэж бодсон юм. Тэгсэн мөртлөө тэдний мөрийн хөтөлбөр намын үзэл баримтлал, намуудынх нь жагсаалтад чухам хэн хэний нэрс  байгаа, тэд нар нь ямар үзэл бодол, үүрэг амлалттай сонгуульд оролцож байгаа нь мэдэгдэж өгдөггүй.

Ухаандаа бидний юу хийх нь чамд падгүй ээ, ард чи зүгээр саналаа л бидэнд өгчих гэсэнтэй адил. Энэ чинь юу гэсэн үг юм вэ. Ямар нялх хүүхэд хуурч байгаа биш дээ. Өөх ч биш, булчирхай ч биш ийм юм бодож олоод өөрсдийнхөө төлөө санал хураалаа. Гэсэнч тэдний мэдээлж байсан шиг АНУ-ын зүүн эргээр суугаа монголчууд энэ дутуу алсан могой шиг сонгуульд оролцох боломжоор бүрэн хангагдаж зохион байгуулагдаж чадаагүй. Баруун эрэг бол бүр ч дор болсон байх. Санал хураах байрнаас өөр хотод суугаа иргэд өөрийн биеэр ирж бүртгүүлээд буцаж ирж саналаа өгөхөд гарах замынх нь зардалд сарын цалин нь хүрэхгүй байсан. Иймээс зөвхөн зүүн эрэг хавийн арав шахам мянган сонгуулийн насны иргэдээс цөөхөн хэд нь бүртгүүлж түүнээс санал өгснийг тооцож АНУ-д суугаа монгол иргэд сонгуульд амжилттай оролцлоо гэж Вашингтон ДС дахь сонгуулийн салбар комисс рапортлоод л түүнийг нь СЕХ дээш нь мэдээлж, элчин сайдын яам гадаадад суугаа иргэд сонгох сонгогдох эрхээр анх удаа бүрэн хангагдаж буй баяртай сайхан үйл явдал болж өнгөрлөө гээд л болсон. Америкийн монголчуудын телевизээр сонгууль сайн сайхан боллоо хэмээн иргэдээр яриулж магтуулахаа ч бас мартаагүй. Ингэж СЕХ иргэдийнхээ сонгох сонгогдох эрхийг бүрэн хангасан гэж байгаа. АНУ-д нийт 40 орчим мянган монгол хүн оршин суудаг гэсэн судалгаа бий. Үүнээс 12 мянга нь л хүн амын бүртгэлд хамрагдсан байх. Сүүлд нь сонсч байхад Вашингтонд УИХ-ын сонгуульд санал өхөөр 153 хүн бүртгүүлж, 114 хүн саналаа өгч 74,5 хувь оролцсон тухай Монголд МН сувгаар мэдээлж байсан.


Тэгэхээр бүртгэлд хамрагдсан 12 мянган иргэнээс зүүн эрэгт 114 хүн л |сонгуулийн насны| санал өгсөн байж. Нийт гадаадад байгаа 150 мянган монголчуудаас дөнгөж 4 мянга нь энэ сонгуульд оролцсон мэдээ байгаа. Иргэд сонгох сонгогдох эрхээр бүрэн хангагдсан нь иймэрхүү л байдалтай үнэг тогоруу хоёрын үлгэр шиг л юм болж өнгөрсөн дөө. Ингэж АНУ-д суугаа нийт монгол иргэд сонгуульд 74,5 хувь амжилттай оролцсон болж байгаа юм. Манай түшмэлүүд төрийнхөө сүлдний өмнө тангараг өргөж хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг түгээмэл дүр төрх нь нэг иймэрхүү, амьсгаа нь байгаа ч юм шиг мөртлөө үхмэл байдалтай болчихож. Яг үнэндээ бол сонгууль сайн явуулсан нэр зүүж харин намын жагсаалт нь л ханшжсан байхаа. Өөр тэдэнд юу хэрэгтэй юм, тэд үүнийг л сонгогчдоос авахыг хүссэн түүнийгээ л авлаа. Өдгөө намынхаа жагсаалтаар УИХ-д орсон гишүүд өөрсдийгөө “Бид бол ард түмнийхээ саналаар сонгогдсон” гэж байгаа. Ингэж хэлэхэд ичих зовох булчирхай нь эрүүл хүн бол хэл ам нь эвлэж өгөхгүй л баймаар юм. Тэд хэний өмнө ямар үүрэг амлалт авч УИХ-д орж ирсэн юм бол.


Сонгуулийн дараа СЕХ гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг бүрэн дүүрэн хангаж амжилттай хэрэгжүүлсэн ийм ч сайхан хууль гаргалаа, тийм ч сайн сонгууль боллоо гээд л амаа олохгүй магтаж байсан. Намуудын хувьд сайн хууль болсон байхаа, ямартай ч энэ бол сонгогчдод зориулсан хууль биш байлаа. Тэд сонгогчдод зориулж хууль хэзээ ч гаргаж байгаагүй тэр тусмаа гадаадад амьдарч байгаа иргэдэдээ. Намууд өөрсдөө хуулиа санаачилж, өөрсдөө батлаад, өөрсдөө сонгуулиа явуулдаг. Энд нийгмийн хяналт байхгүй.


Дашрамд хэлэхэд гадаадад голдуу л “харлан” ажиллаж буй Монгол улсын иргэдийн эрх байнга зөрчигдөж амь насаа алдах, элдэв дарамтад өртөх явдал байнга гарч, тусламж яг хэрэгтэй үед дээш тэнгэр хол, доош газар хатуу байдаг нь нууц биш. Төрийн томчуул ирэхдээ улс төр, эдийн засаг, наймаа ярьж казинодож байгаад буцдаг. Гадаадад байгаа иргэдийг бүртгэлд хамруулах ажил сонгуулийн өмнө явагдаад дараа нь чимээгүй болдог. Элчин сайдын яамныхан монголд болж байгаа бүх баярын амралт сууж буй орныхтой нь эдэлж өнгөрөөдөг.

Иргэддээ үйлчлэх талаар шинийг сэдэх, өөрчлөлт гаргах сонирхолгүй нөгөө л дарга нарыг тосч ийш тийш  дагуулж явдаг гэх мэт яг л нэг байрандаа хуучнаараа л байгаа. Нэг байрандаа зогсож байгаад урагшлах боломжгүй тул гадаад яам арга барилаа шинэчилж өнөөдрийн дипломат албаа байх шаардлагатай түвшинд гарган тавих, монголын төр засаг эдгээр иргэдээ хэрхэн анхаарч үздэг, цаашид төрөөс энэ талаар чухам ямар бодлого баримтлах тухайгаа ил гаргах цаг болжээ. Хэрэв тэр нь байдаг бол. Одоогоор бодлого байгаа эсэх тодорхойгүйгээс үзэхэд засаг маань биднийгээ мартсан бололтой. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намууд өөрсдийхөө төлөө саналыг нь авахын тулд эргэн санасан хэрэг. Яагаад гэвэл урд өмнө гадаадад амьдарч буй иргэдээ сонгуульд оролцуулах талаар СЕХ юу ч хийгээгүй, юм хийхийн тулд  юу ч санаачлаагүй. Тэд улсаар тэжээлгэн хоёр гурван удаагийн сонгууль дамжин зүгээр суусныхаа төлөө энэ бүхнийг хийж, ядаж оролдож үзэж болох байсан уу? Болох байсаан. Ядаж далан зургаа бус ганц мандаттай өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд туршиж болох байсан уу? Болох байсаан. Тэд зүгээр л суугаад байсан. Тэгээд яг сонгууль тулгаж байгаад ийм хачин юм гаргаж ирсэн дээ. Сүүлдээ намууд сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүмүүсээ намынхаа жагсаалт руугаа “гулгуулна” гэж түүнийгээ зүйл бүрээр тайлбарлан зүтгүүлж байлаа. Цагаандаа гарсан энэ шаардлагыг нь ҮХ-ийн цэц арай гэж зогсоосон байх.


Иргэдийнх нь сонголт эзнээ олдоггүй, сонгоод сонгоод гардаггүй, сонгоогүй байхад өөрсдөө гараад ирдэг ийм л нэг сонгууль болж өнгөрсөн. Уршиг нь өнөөг хүртэл арилаагүй л байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд бол тойргийн асуудалгүй тул гадаадад амьдарч буй иргэд бүрэн дүүрэн оролцох боломжтой юм. Бид зохион байгуулалт, санал авах механизмынхаа талаар одооноос ярилцаж цаашид гадаадад амьдарч буй иргэд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох тухай нэг мөр болгож ерөөс сонгуулийн талаар цаашид анхаарч энэ талаарх иргэний эрх, хууль зүйн орчноо цэгцэлмээр санал ч бас байгаа юм. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч энд чив чимээгүй л байгаа. Ойртуулж байгаад бас нэг сюрприз барих гэж байгаа юм болов уу.


Нэр дэвшигчдийг хэн, яаж дэвшүүлж, яаж хариуцах вэ. Сонгуульд өрсөлдөгч улс төрийн намууд өргөн уулзалт, мэтгэлцээний үр дүнд цэвэр хүмүүсийг олны оролцоотойгоор ил тод нэр дэвшүүлж, шудрага сонгууль явуулахад хүлээх үндсэн үүрэгтэйгээр сонгуульд оролцон энэ үүргээ зөрчсөн бол ногдох хариуцлагыг хүлээж байх талаар намуудын тухай хуульд тусгах нь зүйтэй. Улс төрийн намууд анхнаасаа хуулийн дагуу явж, ёс зүйгүй, шудрага бусаар хэн нэгэн сонгуульд оролцох боломжийг эцэслэн хааж, улс үндэснийхээ эрх ашгийг ямарч ашиг хонжоо,  нөхцөл орчноос үл шалтгаалан хамгаалах ёстой юм л даа уул нь.

Энэ бол улс төрийн намуудын төр, ард түмэн, дэмжигчдийнхээ өмнө хүлээх нэг гол үүрэг нь. Гэтэл эхлээд намууд өөрсдөө “бохир” хүмүүсийг хяналтгүйгээр сонгуульд оруулж дараа нь тэд нар нь хууль зөрчдөг, дараа нь заргалдаж бие биенийхээ муу муухайг гайхсан энэ маргаан дунд шүүх, прокуророосоо эхлээд засаглалын бүх субьектууд талцан оролцож улс орныг бүхэлд нь хамарсан нийгмийн тогтворгүй байдал үүсгэдэг.


Их хурал иймэрхүү хүмүүст үүд хаалгаа нээж бүр намаараа талцаж тохиролцож байгаад хамгаалж, татаж авснаар өөрөө хуулийн дээр дураараа дургидаг компаниудийн эздийн хөлийн газар болсон. Эдгээр эрхмүүд татаж төвлөрүүлсэн иргэдийнхээ хувьцааг зөв менежментээр удирдаж өсгөх үндсэн үүргээ биелүүлдэггүй, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ямарч хариуцлага хүлээдэггүй, ашгаа хэзээ ч хувиарладаггүй, тайлангаа хэзээ ч тавидаггүй, дуртай цагтаа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх нь өөрсдийнх нь дурын хэрэг болчихсон байгаа. Ийм болхи, бүдүүлэг байдлаар хувьцаа эзэмшигчтэйгээ харьцаж байгаа эдгээр эрхмүүдэд хуулийн ямарч зохицуулалт байхгүй. Иймэрхүү байдлаар улс төр гэдэг нэрийн цаана албан тушаал, мөнгө, хөрөнгө л нуугдаж байдаг нь өнөөдөр нууц биш. Манай төрд өнөөдөр улс төрийн томилгоо газар авч, мэргэжлийн томилгоо үгүй болсон. Ийм томилгоо юунд хүргэдэг талаар болон үүнээс салж чадахгүй байгаа намуудын улс төрийн ёс суртахуун, мэдрэмжийнх нь цар хүрээ өнөөгийн нийгмийн хүсч буй түвшинд буй эсэх тухай ярих боломгүй гэсэн үг.


Бид улс төрийн намуудын сонгуульд шинэчлэлт хийж чадаагүйн уршгаар нийгмийн амьдралын судас болсон хууль зүйд, боловсролд, эрүүлийг хамгаалахад, ахуй амьдрал, байгаль орчиндоо дорвитой өөрчлөлт гаргаж чадсангүй. Бид энэ хорь гаруй жилийн дотор ерөөд онд төрсөн хойч үеийнхнийхээ амьдралыг үнэгүйдүүдлээ. Тэд болж л өгвөл Монголд бус гадаадад сургууль төгсч, гадаадад эмчлүүлж, гадаад ажиллаж амьдрахыг хүсцгээдэг бодит байдал бий болчихжээ.


Улс төрийн намууд төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргая гэсээр төрийн эрхэнд гарсан хорь гаруй жилд дээрх хямралаас гаргаж чадсангүй. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд төрд ил тод, шудрага үйл ажиллагаа, улс төрчдөд нь улс төрийн өндөр мэдрэмж ёс зүй шаардагдаж байна. Үүнийг оны, зууны манлай улс төрч, он жилийн тэргүүний гэж хичнээн нэр цол магнайдаа наагаад бүтэхгүй, тархи оюундаа шингээх нь л чухал.


Энд сонгуулийн болон улс төрийн намуудын хуулийг зоригтой өөрчлөн нэг мөр болгохгүй бол цааш явах зам алга. Сонгуулийн маргаан будлиан, шүүхдэлт он жил дамжин үргэлжилж хууль зөрчсөн нь нотлогдсон хүмүүс УИХ-д суусаар, ямар ч хаалтгүй орж ирсээр л байна. Намд мөнгө хандивласнаар төрийн суудалд дэвшдэг арга барил нийтлэг үзэгдэл болчихсон энэ наймаа намаас нам дамжин явагддаг боллоо. Намуудын хувьд үзэл бодол нь, мөрийн хөтөлбөр нь амин сүнс нь байж түүгээрээ сонгуульд өрсөлдөх учиртай юм л даа уул нь. Ерөөс улс төрийн намуудын өнөөгийн тогтолцоо манай хууль зүйн орчин нь эл байдлыг өөгшүүлж байх шиг санагдана.
Үндсэн хуульд улс төрийн намуудын тухай тусд нь заалт оруулж эрх мэдлийг нь хэтэрхий дэвэргэснээр өнөөдөр намууд ямар шүү байдалтай байгааг бид бэлхнээ харж байгаа бус уу.Тэд бүхнээс илүү эрх мэдэлтэй, асар их өмч хөрөнгө, орд харштай бизнесийн том корпорацийн дүртэй, бүтэлгүй хүмүүсийг өөгшүүлж агуулж байдаг бүлэглэлүүдийн бөөгнөрөл болчихсон байгаа бус уу. Тэд эрх мэдлийн төлөө улс үндэснийхээ, нийгмийнхээ эрх ашгийг умартаж, ёс суртахууныхаа хэм хэмжээгээ алдаж одоо бүр намын эрх ашиг төрийн дээр тавигдаж намуудад зориулж төрийн бодлого явагддаг болсон.


Улс орноо хохироож, нийгмийг доргиосон томоохон хэмжээний гэмт хэрэг гарахад л тэнд аль хэдийнээ л намуудын томчуул хутгалдчихсан байдаг. Хариуцлага тооцох, огцрох гэдэг ойлголт тэдний хувьд бүр үгүй болсон. Их хурал өөрөө хууль зөрчсөн гишүүдээ халдашгүй эрх хэмээн хамгаалсаар ирсэн. Иймээс нөгөө л бүлэглэлүүд шууд төрийн дээд удирдлагад гарч ийм орчинд хариуцлагын тогтолцоо, хяналт, төрийн ёс зүйн хэм хэмжээ баримтлах, бүрэлдэх боломжгүй болгочихсон байна. Тэд хаагуур дамжиж төрд орж ирж байна вэ? Энэ бол өнөөгийн улс төрийн намуудын явуулж буй сонгууль. Намын нэр дор нуугдсан үл бүтэх хүмүүс шудрага бус аргаар санал авч, сонгогчид намуудад хуваагдан улс төржиж нийгэм бүхэлдээ хэрүүл маргааны талбар болж иргэд намын суртлаар бус өөрсдийнхээ бодлоор сонголт хийх боломжгүй болгочихож. Намууд хатуу гишүүнчлэлтэй бас хажуудаа төрийн бус олон нийтээр дулдайдсан нэрийн дор залуучууд, оюутнууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн гэх мэт хэт намчирхсан  байгууллагуудтай болж тэд нар нь өөрсдийнхөө бүх үйл ажиллагааг намынхаа сурталчилгаанд зориулдаг. Залуу үеэ үй олноор нь намдаа элсүүлж үр хүүхдүүдээ өсвөр наснаас нь эхлэн улс төржүүлж, намчирхуулж, алга нижигнүүлэн намынхаа батлахыг  гардуулан баяр хөөр болж байна.


Энэ бол бидний үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлөх зүйл огтхон ч биш. Намаар дамжсан залуус хөгжлийн шинэлэг загвар эрэлхийхээс илүү албан тушаалын томилгоонд тэмүүлдэг хэвшлийг нам нь тэдэндээ яс суулгаж өгсөн. Нэгэнт намтай амьдралаа холбосон залуусд үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Гэтэл тэнд нь төрийн ажилтны мэдлэг туршлага, ажиллах чадварын залгамж чанар, залуу халаа байдаггүй. Төр дөрвөн жил тутам хаврын тэнгэр шиг хувирдаг, намууд зөвхөн хэдхэн хүний заримдаа бүр ганц хүний хувийн болчихсон байдаг.


Залуус ирээдүйгээ намын сонголтоор бус өөрсдөө мэдлэг чадвар, дур сонирхлын дагуу өөртөө итгэлтэй явж шийдэх нь цаашдаа хэрэгтэй байхаа, нам нь сонгуульд ялагдсан ч цаашид амьдралаа өөрөө бие даан авч явах чадвар нь үлдэнэ шүү дээ. Үүнийг бүгд л харсаар ойлгосоор байгаа ч өөрчлөх гэхээр ерөөс болж өгдөггүй. Иймээс Үндсэн хуулиа шинэчилж эндээс эрх мэдэл нь тэнгэрт гарсан намуудын тухай тусгай заалтыг авч өөрсдийнх нь хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь дээр гэж үзнэм.


Бид гол хуулиа өмнөө тависан зорилгодоо нийцүүлэхгүйгээр эл байдлыг өөрчилж чадахгүй нь тодорхой болжээ. Үндсэн хууль бол өөрчлөлт шинэчлэлтийн эсрэг сөрж зогсдог хөдлөшгүй цайз биш, улс орон, үндэснийхээ эрх ашгийн үүднээс өөрчлөх шаардлага гарвал өөрчилж болохуйцаар зохиогдсон иргэд, засаглалын харилцааны тулгуур акт. Энэ хууль бол иргэний амьдрах эрх, амьдралын баталгаа, түүний гол замналыг төрийн зөв үзэл баримтлалаар чиглүүлэгч нь. Нээлттэй нийгэмд энэ хууль намын эрх мэдлийг дэвэргэж, иргэдийн амьдрах эрхийг боогдуулах бус нийгмийнхээ эрмэлзлэл, чиг хандлага, санал хүсэлтийг гольдролийнх нь дагуу чиглүүлэх талыг л голлож баримтлах учиртай юм. Бид ингэж цаашид оршин тогтнох гол хөрс сууриа хууль эрх зүйн орчинд олох нь хамгаас чухал  гэж бодном. Өнөөдөр Монгол улс өөрчлөгдөөгүй бус өөрчлөгдөж байнаа гэхдээ гол ул суурьдаа бус өнгөц талдаа. Өмссөн хувцас дэгжин, царай зүс сайхан ч дотоод сэтгэл нь бохир бол түүнийг төгс гэхэд хэцүү.


Улс төрийн намуудын тогтолцоо, эрх мэдлийн хэм хэмжээ, санхүүжилт, зардал, байр сав, эдлэн, үл хөдлөх өмч хөрөнгийн талаар тодорхой заалт гарган өөрсдийнх нь хуульд нэмж, Үндсэн хуульд буй намуудын тухай тусгай заалтыг авах нь зөв бизээ. Ингэснээр одоо бэлхнээ үүсээд байгаа улс төрийн болон бусад маргаан зөрчлүүдийг нэг мөр шийдэн, цаашдаа улс төрийн дампууралд өртөхгүй байх гол хамаалалт болно.


Ерөөс намууд хатуу гишүүнчлэлгүй өөрсдийн мөрийн хөтөлбөрөө нийт иргэдийн дунд гаргаж, олон нийтийн байгууллагын статустайгаар сонгуульд оролцох тухай хуулчлах нь шудрага ёс зүйд нийцэнэ. Эдгээр асуудал бол салшгүй нэг амьтай зүйл. Нэгнийх нь амьсгаа тасарвал  нөгөө нь дагах эрсдэлтэй

Парламентийн намуудын зөрчил, үзэл бодлын тодорхойгүй нөхцөл байдлаас болж төрийн гурван өндөрлөгт шийдвэр гаргах механизм нь маш удаан, ихээхэн бэрхшээлтэйгээр хэрэгждэг болжээ. Засгийн газрын шийдвэрийг их хурал нь хүчингүй болгож түүнд нь ерөнхийлөгч хориг тавьж болно. Энд асуудлыг харилцан мэтгэлцэж сайтар тунгаах бус намууд бие биенийхээ ажилд   зориуд саад тушаа болж нэр хүндийг нь унагах гэдэг талаас нь ойлгож байгаагаа би энд хэлэх нь зүйтэй байх. Иймээс УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийг эцсийн гэж итгэхийн аргагүйд хүргэсэн. Энэ бүхэн өнөөгийн орон зай, цаг хугацааны хэмнэл, иргэдийн болон хөрөнгө оруулагчдийн итгэл үнэмшилтэй нөхцөлдөхгүй байгаа юм.


Төрийн албанд тэнцээгүй хүмүүс сонгуульд оролцохыг зогсооё, УИХ-ын гишүүд яам толгойлохыг хориглоё, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийг дахиж сонгуульд нэр дэвшихийг зогсооё, гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн халдашгүй эрхийг хуулиар цуцлая. Намууд сонгуульд өрсөлдөх хүмүүсээ жагсаалтаар бус, хандивласан мөнгөөр бус, иргэдийн дунд болон хэвлэл мэдээллийн шугамаар явуулсан өргөн уулзалт, мэтгэлцээний дүнд дэвшүүлж байя. Ямар нэг хуулийг зөвхөн нэг намын гишүүдийн саналаар батлахыг зогсооё.


Эрхэм гишүүд, Ноёдоо. Та нар өөрсдөө баталж гаргасан хуулиа өөрсдөө чанд сахиж бай хэмээн уриалая. Одоо намууд ингэж тэтгэнэ, тэгж босгоно хэмээн амлах бус өнгөрснөө дүгнэж одоо цаг дээр ярих цаг нэгэнт болжээ. Эцэст нь энд зоригтой, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай болсныг өнөөгийн нийгмийн амьдрал улс төрийн намуудаас шаардаж байгаа юм.


Сайн үр дүнд хүрэхийн тулд өөрчлөлтөөс айх хэрэггүй. Бид иймэрхүү булхайтай сонголтоор  бүрэлдсэн төртөй, бие биенээ унагахыг мөрөөдсөн намуудын улс байх уу, эсвэл сонгууль нь шудрага, шийдвэр нь хүчтэй, чадварлаг засаглалтай улс байх уу гэдгээс эх орны маань  өөдлөн дээшлэх үйлс  шалтгаалана. 

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ.