Энэ удаагийн "Өдрийн зочин"-оор Инчоны Азийн наадмын аварга Д.Отгондалайг онцолж байна. Тэр бол Дорнодын хүүхэд. Тэнд төрсөн, өссөн, боксын гараагаа эхэлсэн. Дорнодын боксын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гэж сайн эр бий.

Зарим үед Монголын боксын шигшээ баг энэ хүний шавь нараар дүүрчих гээд байдаг. Өнөөдөр гэхэд Улсын шигшээд түүний гарын гурван шавь тоглодгийн нэг нь Азийн наадмын аварга болсон Д.Отгондалай юм. Д.Отгондалай бол түүний тэр олон шавь дотроос гарцаагүй Монголын дэвжээнээс хальж тоглох хүүхэд гэж Ё.Төмөрбатаа аль эрт оношилсон. Тэр нь үнэн байсан нь харагдаж эхэллээ. Гурван жилийн өмнө Д.Отгондалайг Тайванийн эзэн хааны цомд түрүүлэхэд нь бокс сонирхогчид "За энэ нөхөр үзүүлж өгөх юм байнаа" гэсэн итгэлээр харж эхэлсэн. Түүнээс хойшхи түүний амжилтууд энэ өдрүүдэд хангалттай бичигдэж байгаа учраас арай өөрийг бичье.

Тэр сая хэлсэн байна лээ, "Энэ жилийн улсын аваргад түрүүлэхдээ мөн л Ё.Төмөрбатаа багшийн удирдлагад бэлтгэлээ хийсэн" гэж. Үүнийг хүмүүс нэг их анзаарахгүй л дээ, харин багаас нь мэдэх миний хувьд анзаарсан. Учир нь тэрхүү Ё.Төмөрбатаа гэдэг нь одоо бараг 70 нас хүрсэн хүн. Дорнод аймгийн Хэрлэн сумын хойд захад хашаанд тахиа нохой тэжээсэн шигээ сууж байдаг хүн. Тэгсэн хэрнээ боксын улсын шигшээгийнхэн дэлхий, ази гэхчлэн том тэмцээнд явахаар эрчимжсэн бэлтгэлд орохоор хөдөөний тэр тагжгар бор өвгөн хотод ирж бэлтгэлийг нь удирддаг. Яагаад гэвэл үеийн үед түүний шавиар улсын шигшээ дүүрчихдэг болохоор түүнд тийм хүнд даалгавар ирдэг юм. 70 настай өвгөн хоёр гартаа өнөө ламп билүү, хүнд хар юмыг нь зүүчихээд хүүхдүүддээ нүдүүлээд байгаа нь аймаар. Энэ хэрийн насны хүн тэсэх үү. Ийм юм хийж яваа хүнийг чинь одоо аймаар гэж хэлэхээс өөр аргагүй. Ядаж мань эр чинь монгол гэхээсээ оросоор голдуу ярина. За тэгээд бэлтгэл хийлгэж байгаа энэ тэр бол бүр үхмээр. Д.Отгондалайгийн ард ийм нэг аймаар өвгөн дасгалжуулагч үргэлж байдаг болохоор тэр ийм эр зоригтой, тэвчээртэй тулаануудыг үзүүлж эхлэв.

Азийн наадмын аварга Д.Отгондалайгийн тоглолтыг үнэндээ ээж нь үзэж чаддаггүй юм. Энэ хүүг миний бие боксод дөнгөж хөл тавьж байсан 2003 оноос мэдэх болохоор ээжийг нь бас мэдээд байна л даа. Тэр айлын бага хүү. Шулуухан хэлэхэд тийм амар хялбар амьдралд өсөөгүй. Нэг ах нь Дорнод аймгийн зах дээр наймаа хийдэг байсан. Энэ ах нь Д.Отгондалайг сайн боксчин болгохын төлөө олсон бүхнээ зориулсандаа. Тэмцээнд уралдаанд явах зардлаас эхлээд хоол унд хувцас хунар юу эсийг тэр гэхэв. Энэ ах нь л наймаа хийж олсон жаахан орлогоороо болгодог байсан. Өнөөдөр нар нь гарч байгаа ганц хүн гэвэл ёстой тэр муу ах нь л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эхэнд ээж нь түүний тулаануудыг үзэж чаддаггүй гэж хэлсэн. Сая Инчоны Азийн наадмын аваргын төлөө Монголын боксчдоос Д.Отгондалай ганцаараа тоглохоор боллоо гэсэн шуугианыг ээж нь сонсоод тогтож суухад бэрх болсон гэдэг. "Манай муу жоохон бор банди яасан ч том юманд нь оролцож байгаа юм, тэр хүнийг нь дийлэх юм болов уу" гэхчлэн элдвийг бодсоноо ойр тойрныхондоо ярьсан байна лээ. Ингээд тоглолт нь эхэлж зурагтын өмнө бүгд суусан юм биз дээ. Отгон хүүгийнхээ тоглолтыг үзэхээс үргэлж халгаж, сэтгэлээ өвтгөж ирсэн ээж нь тэвчилгүй нэг харах гэж үзжээ. Чадаагүй гэнэ лээ, өмнөөс нь өвдөөд, байж суухын аргагүй болоод гараад ирлээ гэчихсэн Д.Отгондалайгийн охиныг тэвэрчихсэн тоглолт ид өрнөж байх үед гудамжинд алхаж явсан байна лээ. Хүний эх гэдэг ийм л эмзэг, үхтэл үр харамын жишээ. Өнөөдөр монголын боксоос Азийн наадмын анхны аварга болоод байгаа Д.Отгондалайгийн ээжийн хэлсэн "Спортын энэ олон алдартай тамирчдын ээжүүд бүгд л зовж суудаг байх. Гэхдээ боксын спортоор хүүхдээ тоглохыг харж зогсоо эх хүн шиг хэцүү хүн байддаггүй байх гэж бодох юм" хэмээсэн. Д.Отгондалайдаа хэлэхэд "Эх орныхоо нэрийг дуурсгалаа" гэх мэт том юм бодоод яах вэ, ээжийнхээ ачийг хариулж байгаа чинь л сайхан байна. Ингэж бодож байгаа чинь л их олон амжилтуудын эхлэл юм шүү. Д.Отгондалайдаа амжилт хүсье.

П.ХАШЧУЛУУН