ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөл, “Ногоон алт” төслийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг хамтран “Тогтвортой мал аж ахуйн инноваци” үзэсгэлэнг 10-р сарын 17-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулав.

Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн тогтвортой арга барилуудыг нэвтрүүлэхэд чиглэсэн шинэлэг технологи, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг МАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах, нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгээс мал аж ахуйд инноваци нэвтрүүлэх чиглэлээр ажиллах тэргүүлэх чиглэл, хамтран ажиллах байгууллагуудыг тодорхойлохоор энэ үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

Үзэсгэлэнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, салбар хүрээлэн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн болох тэжээлийн ургамлын нутгийн ба нутагшуулсан сортын үр, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, мал эмнэлгийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Нийт 16 эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн болсон бүтээлийн үзэсгэлэнг 7 аймгаас ирсэн 50 гаруй орон нутгийн төлөөлөгчид үзэж танилцлаа.