Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгаад Эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнууд эсэргүүцэн жагсаж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь инфляцид идэгдэж, худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байгаа.  Тиймээс Монголын Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлагийн салбарын ҮЭ- ийн холбоодоос жагсаал цуглаан зохион байгуулж,  Улсын их хурал, Засгийн газар, НББСШУ-ны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Ардчилсан нам, Ардын нам, “Шударга ёс эвсэл” зэрэг байгууллагуудад хандан  шаардлага  хүргүүлсэн байна.  Үүнд:

  1.  Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгах,
  2.  Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх,
  3.  Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх,

Дээрхи шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ- үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Шаардлагын хариуг 2015 оны 1-р сарын 12-ны дотор ирүүлэхийг хүсчээ. Ингээд өнөөдрийн жагсаал, цуглааны гэрэл зургийг хүргэе.