АН-ын ҮЗХ-ны 46 гишүүний нөхөн сонгуулийг явуулах гэж  ёстой “цус”-гүй дайн хийж байна. Нийслэлийн СХД-ийн АН-ын сонгууль будлиантай болсон учраас намын төв байгууллагаас  шийдвэр гартал эв нэгдэлтэй байхыг сануулсан.

Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга нь саналын хайрцаг авч зугтжээ, Баянзүрх дүүргийн АН-ынхан  хоёр хуваагдаж, цагдаагийнхныг баривчлагаанд дайчиллаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсаар. Тэд Шинэчлэлийн хороо байгуулсан гэнэ. АН-ын хорооны дарга, Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль бусаар сонгууль явуулсан, танил  тал, ахан дүүсээ оруулсан хэмээн үзсэн байна.  АН-ын олон фракцын эцсийн үр дүн нь энэ. АН доторхи олон жижиг нам гэсэн үг. Фракцынхаа төлөөллийг ҮЗХ-нд олноор, ахиухан оруулж дөнгөсөн нь цаашид засаглах, дараа дараачийн сонгуульд илүүрхэх учраас дотроо  зодолдож байгаа хэрэг. Зөвхөн нийслэлийн АН-ын хорооныхон нь бужигнаад байгаа юм биш. Хөдөө орон нутагт ч АН-ын фракцын хагарал нөлөөлж  байна. Дорнод аймгийн АН-ын хорооны гишүүд Цэрэнчимэдийгээ огцруулахаар эсэргүүцэж, суулт зарлав. Дорнодын ардчилагчид үе үе бужигнадаг гэмтэй. Дархан-Уул аймгийн АН-ынхан ч тайван бус .

Албан биш даргатай гээд бас л маргаан. Энэ бүхнээс эрх баригч болсон АН дотроо үл ойлголцол, албан тушаалын төлөө дайтсан байдал ихтэй нь харагдана. Хэдийгээр намын дотоод асуудал боловч нийгэмд , АН-ыг дэмжигчдэд сайхан харагдахгүй байгаа нь лавтай. АН-ынхны зодоон хэзээ дуусах вэ?