“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнөөд багагүй хугацаа өнгөрөөд байгаа.  Өнөөдрийн байдлаар есөн хүн 76 цагийн турш өлсгөлөн зарлаад байгаа юм. Бид өлсгөлөн зарлаад байгаа “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн  П.Шинжээравдантай ярилцлаа.

- Өлсгөлөн зарлаад хэдэн цаг болов? Биеийн байдал ямар байна?

- Өлсгөлөн зарлаад яг одоогийн байдлаар 76 цаг болчихлоо. Энэ 76-д /Төрийн ордон руу заав/ хэлэх гэсэн биш билэгтэй үед нь чи ирж таарлаа. Биеийн байдал одоогоор гайгүй дээ.

- Хүйтэнд өлсгөлөн зарлана гэдэг бэрх шүү?  

- Гадаа цаг агаар ийм байгаа ч гэсэн бид газар нутгийнхаа төлөө дулаан сэтгэлийн үүднээс байгаа өлсөж байгаа шүү дээ. Бид хоёрхон шаардлагын дагуу өлсөж байгаа.  Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй авч үлдье, өнөөдрийг хүртэл байгаль орчин, гол мөрөн, ой модыг авч үлдсэн, ард түмнээс зохиогдсон энэ хуулиа  бид энэ чигээр нь авч үлдье.  Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул хэмээх түүхт сайхан, язгууртнуудын булш бунхан байдаг.  13 их шаньюугийн бунханг бид авч үлдэх ёстой. Үүнийг өнөөдөр ухна гэж байгаа хүмүүс, Төрийн ордонд байгаа хүн бол Монгол хүн биш. Монгол хүний амнаас хэзээ ч ийм үг гарахгүй. Уг нь ухах биш Төрийн тусгай хамгаалалтад авч, дархан цаазтай болгоод аялал жуулчлалын бүс болгох талаар ярилцах ёстой. Тийм байхад 50 тонн алтыг яриад байгаа.  Эд нар 2012 оны сонгуульд яаж мөнгө босгосон юм, 2016 оны сонгуулийн мөнгийг яаж босгох гээд байгаа юм, ерөөсөө тэдний арга. Тийм болохоор бид үхэж байсан ч хуулинд өөрчлөлт оруулахгүй, үхэж байсан ч ухуулахгүй.  Энд манай залуус хэдэн мянгаараа ирээд үзэлцэхэд бэлэн байна. 

- Та бүхнийг дэмжиж байгаа иргэдийн хүрээ нэмэгдэж байгаа нь анзаарагдсан?

- Солонгос, Франц, Швед, Германаас гээд олон улаас ярьж байна.  Гадаадын иргэд хүртэл  Герман сэтгүүлд хүртэл Ноён уулыг ухаж, үүний тулд  эко ганц хуулиа өөрчлөх гэж байсан гэсэн утгатай нийтлэл гаргасан байна. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал ганц Монголын бус дэлхий дахины анхааралд орлоо. Ер нь Хүннүгийн үеийн булш бунхан, хэрэгсүүрийг устгах гэж байгаа талаар гадны орнууд их гайхаж байгаа.  Тэр нь явж явж “Сентера Гоулд” гэхээр Киргизстан шиг болох гэж байна л даа.  1994 онд Киргизстаныг Сентера Гоулд ухаад юу болгосон билээ? Өнөөдөр Киргизстан иргэний зөрчилтэй,  өртэй ядуураад үлдэж байна. Өнөөдөр бид  өвөг дээдсийнхээ шарилыг өндөлзүүлээд бид хөл дээрээ босдог гэж байхгүй. Энэ бол Монголын сүйрэлд ирэхийн цондон болж байгаа.  Монголын ард иргэд босож байгаа нь зөв. Бид өнөөдөр энд гэр барье гээд хүсэлт гаргалаа. Цагдаагаас зөвшөөрөл өнөөдөртөө өгөхгүй гэж байна.  Бид эцсээ хүртэл тэмцэх болно.

- “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Тэд Монгол улсын төлөө ингэв үү? Эсвэл асуудлыг хүндрүүлэх гэж байна уу?  Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

- Сайн хэлж мэдэхгүй байна. Харин Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, гурван бие даагч гишүүн гарч ирж уулзлаа. Биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Та бүхэн иргэний хувьсгалын анхдагч боллоо. Ард түмэн үүнийг л хүлээж байсан юм. Өнөөдөр сэрэх цаг нь боллоо гэдгийг хэлсэн. Үүнийг манай залуус мөн сонссон. Сэтгэлийн гал нь бадарч байгаа байх. Хүйтнийг ажрахгүй өнөөдрийг хүртэл байж байна.

- Машиныг нь шатаасан гэсэн.  Үүнээс гадна дарамт шахалт ирж байх юм уу?

- Биднийг мохоочих санаатай юм уу? өдөж байгаа юм уу? тийм асуудал гарлаа. Цагдаагийн газраас шалгаж байгаа байлгүй дээ. Улсууд янз янзаар л бичсэн байна лээ. Татвар төлөгчдийн мөнгөөр машин авхуулах гэж байна л гэнэ. Тийм байж болохгүй. Бидний машин тэргийг эвдэж сүйтгэлээ гээд бид мохоод больчихгүй. Ер нь жижигхэн жижигхэн шоглоод байгаа.  Хамгаалалтад яваа хүмүүст хоол цай зөөдөг машины урд, хойд гуприйг нь юу ч үгүй өшиглөсөн байна лээ.  Машин шатаасны нөгөөдөр нь байрных нь гадаа тэгж шоглосон.  Энэ  мэтийн жоохон өдөөн хатгалга байгаа. Ингэж эвдэж сүйтгэж байгаа хүмүүс  эх орноо гэх сэтгэлгүй, үр хойчийнхоо төлөө юу ч хийхгүй хорхой заяатай улсууд байгаа юм. Газар ухаж малтаж тэрний доорхоор шим хийж амьдардаг.

- Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх сурагтай байсан?

- Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр 14 хүн өлсгөлөн зарлах гээд үзлэгт орж байсан. Л.Өнөрчимэг эгч маань бидэнтэй нэгдэхээ илэрхийлсэн.  Түүнээс гадна  370 гаруй хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа.

- Ард түмэндээ хандаж уриалахад?

- Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй,  Ноён уулыг  ухуулахгүй байсан цагт амьдрал дэвжинэ.  2016 онд энэ улсууд байхгүй ээ.  Өнөөдөр үүнийг эсэргүүцэн кноп дарсан улсыг ард түмэн сайн цээжил. Манайхан гэнэн цайлган, ганцхан жилийн дотор мартана. Ахиад хууртаад ийм улсууд эх орноосоо урвасан гэдгий тогтоож аваарай.  

- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.

А.Баярмаа