МАХН-ын гишүүн, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нартай холбоотой тендерийн асуудал нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салаагүй. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-ын дарга Д.Энхжаргалын нэр дурдагдаж байв. Тодруулбал, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар сүлжээ үүсгэсэн бөгөөд тендерийг баруун солгойгүй цацаж суудаг гэх мэдээлэл гарч байсан билээ. Хэдийгээр тухайн үед энэ асуудлыг хэн хэн нь үгүйсгэсэн ч үнэний ортой гэдгийг намын нөхөд нь хэлж байв.

Худалдан авах ажиллгааны газар Шадар сайдын харьяа агентлаг. Тухайн үед Шадар сайдаар МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байсан юм. Харин Д.Энхжаргалыг Д.Тэрбишдагвын ойрын хүн гэдэг. Зарим эх сурвалж Д.Энхжаргалыг Д.Тэрбишдагвын эхнэрийн дүү гэгдэж байсан ч энэ нь худлаа аж. Харин Д.Энхжаргал нь Д.Тэрбишдагвын хувийн компанид олон жил ажиллаж байсан нэгэн юм байна. Худалдан авах ажиллагааны газар Шадар сайдын харьяаны агентлаг бөгөөд тендертэй холбоотой бүхий л асуудал энэ байгууллагаар дамждаг нь дээрх хардлага үүсэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.

Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн цөөхөн шинэ ажлуудын нэг нь Худалдан авах ажиллагааны  газар нэртэй байгууллага юм. Тэгвэл энэ байгууллагын даргын суудалд заларсан хатагтай Д.Энхжаргал МАХН-аас энэ албан тушаалд томилогдсон нэгэн. Хэвлэлийн хуудаснаа таагүй мэдээллээр ихэд бичигдэх болсон тэрбээр засаг солигдсон энэ үед ажилдаа үлдэхийн тулд “Би МАХН-ын гишүүн биш. МАН-д элссэн” хэмээн ярьж явааг МАХН-ынхан мэдээлсэн бөгөөд анх МАХН-аас албан тушаалд сонгогдчихоод ийнхүү ярьж яваад нь ихэд дургүй байгаа гэнэ. Мэдээж асар их хөрөнгө мөнгөтэй холбоотой энэ байгууллагын даргын суудалдаа үлдэхийг хүссэн нь тодорхой. Үүний адил МАХН-д ч дээрх байгууллагыг өөрсдийн талд авч үлдэх бодол байгаа нь ч ойлгомжтой юм.

Тэгвэл тендер будилуулсан, албаны машинаа нөхөртөө унуулсан, аливаа тендерийг өгөх компанидаа анхнаасаа шаардлагыг нь тохируулан боловсруулж зарладаг гэх зэргээр хэвлэлээр цоллуулах болсон Д.Энхжаргалд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ зөвхөн Д.Энхжаргалыг ч биш түүний нөхөр, хүүхдийг ч бас хамтад нь шалгаж байгаа аж. Учир нь түүний нөхөр, хүүхдийг тендерт зуучилж өгнө хэмээн бусдаас мөнгө авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Ямартай ч МАХН-аас албан тушаалд сонгогдчихоод хоёр төрийн нүүр үзэхийн тулд намын харьяаллаа сольсон хэмээн ярьж яваа Д.Энхжаргалтай холбоотой мэдээлэл дахиад л хэвлэлийн хуудаснаас нэг хэсэгтээ салахгүй бололтой.