Улс төр гэгч эрх мэдлийн тавцанд өдөр шөнөгүй тэмцэл өрнөж байдгийг бид бэлээхэн харж байдаг. Гэвч ард түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаас илүү “Аймшиг” тэнд буй болсон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дэлгэжээ. Өмнө нь улс төрд тийм явуулга, ийм ятгалага, ийм хуйвалдаан, тийм ч худал цуурхал тархаж, явж байна гэдгийг чихээ дүнгэнэтэл сонсож, хэлээ хаттал ярьдагсан. Гэвч хөшигний цаадах амьдрал тийм биш аж. Түүний ярилцлагын тухай жиргээнүүд аль хэдий твиттерчдийн сэдэв болж. Харин фэйсбүүкчид хэлсэн үг болгоноор нь постолж байна. Сэтгүүлчид ам уралдуулан ярьж байна. Хүмүүс ч утас цохин асууж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. “Өдрийн сонин”-д гарсан ярилцлагыг олж уншлаа. Үнэхээр сэрдхийв. Төр хийгээд түмэн олон минь хийснээ эргэн харж, хэлдэг ярьдаг түшмэдийнхээ үйлдлийг цэгнэж дүгнэх цаг болж. Үг болгоныг, үйлдэл болгоны цаадахыг ухах гэхээсээ илүүтэй Н.Алтанхуягийн ярилцлаганд дурьдагдсан ганцхан өгүүлбэрийг л өлгөн авч ард түмэндээ онцлон хүргэмээр санагдлаа. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэг үг бий. Дээрх үгийг уншаад л бодоод үзлээ. Нээрээ манай улстөрчид бүгдээрээ их гоё ярьдаг юм байна. Яасан ч уран цэцэн үгтэй юм, яасан ч сайхан амны билигтэй ярьдаг юм. Гэтэл тэр гоё үг, өгүүлбэрийн цаана буруу үйлдлүүд булталзаж байдгийг ор тас мартжээ. Санаа сохор бол нүд сохор гэж ийм байдаг ажгээ. Тийм сайхан уран цэцэн, гоё ярьдаг түшээд маань биднийгээ үнэг сүүлээрээ хуурч байгаа юм шиг гоё үгээрээ хуурч орхиод бурууг буглуулж байгаа гэдгийг яахин мэдэх билээ дээ. Тэгээд ч биднийг “Цагаан цайлган сэтгэлтэй Монгол зон олон” гэдэг үгээр хөөргөж, дэврүүн сэтгэлийг нь асааж байгаад муу муухайгаар түлхүүрдчихдэг аж. Ярилцлагад ийм хэсэг байна. “...Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүний миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь үнэн зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ. Энийг л тэд маш сайн ашигласан. Ажиллах хэцүү. Харин хот босгосныг харлуулахад амархан болчихсон цаг юм даа. Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа. Манай улсын гол нэрийн экспортын түүхий эдийн үнийн уналт бол түр зуурынх. Гэтэл манайх өсөлттэй үедээ эдийн засгаа эрсдлээс хамгаалах бодлогоо орхигдуулж хэт үрэлгэн загнаж, халамж их тарааснаас болж үнийн уналттай үед хүнд байдалд орж эхэлсэн. Энэ алдааг нь засахын тулд Шинэчлэлийн Засгийн газар тэлэлттэй эдийн засгаа хадгалах зорилгоор бонд гарган мөнгө босгож дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих замаар эдийн засгийн эргэлтээ хэвийн хадгалъя гэсэн шийдвэр гаргаж түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр үр ашгаа өгч Ардчилсан намын нэр хүнд өсч, иргэд ч сэтгэл хангалуун байж, Алтанхуяг гэдэг хүний нэр сонсогдох болсон нь зарим нэг хүмүүсийг сандарган хөдөлгөж эхэлсэн дээ. Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм. Ерөнхийдөө гол зорилго нь эдийн засагт оруулсан бодит үр ашгийг ярих бус Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж муучлан, улс төр, эрх ашгийн хонжоо олж авах гэсэн үйлдэл юм даа...” Үүнийг уншаад бодохнээ нээрээ л ховсдож байгаа мэт зөвийг буруутгаж, зөөлөнг хатуутгадаг тогтолцоо бий болчихсныг анзаарав. Үнэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасныг Монголчууд мэдэж байгаа шүү дээ. Бас нэгэн зүйл. Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэнэ хэмээн тод томруунаар тусгасан ардчилсан нийгэмт Монгол улс ямар гээчийн нийгэм болж хувирав аа. ...“Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө юм”... Нээрээ энэ ардчиллын 25 жил, түүний сүүлчийн хэдэн жил, сүүлийн хэдэн сар нь хэдэн он руу буцаж, хэдэн оныг санагдуулав аа. Шалгаж байна, шүүж байна гээд хэдэн сар хорьдог, өмгөөлөгчийг нь уулзуулдаггүй, жирэмсэн эхийг зулбатал нь зодож занчдаг, нэр дэвшигчийг барьж хориод сонгуулийн дараа сулладаг, айлгадаг, албаддаг, ард түмэн рүүгээ буу шагайдаг, бууддаг, алдаг, гүтгэдэг гүжирддэг, түмэн зүйлийн татвараар дарамтладаг гээд энэ олон “ДАГ”-“ДЭГ”-ээс ард түмэн айж эмээж байна. Дээхнэ хөгшчүүл буруу зүйл хийсэн хүнийг “Муу ёрын даг вэ?” гэдэгсэн. Учрыг тунгаавал буруу үйл хийсэн хүнийг “Хир даг”-тай зүйрлэж “Даг” гэдэг байжээ. Өвгөдийн үг өнөө цагт орой руу орж, энэ олон “ДАГ” бий болжээ. Бас нэгэн зүйл: 1930-аад оны үест “Ногоон малгайтнууд” гэж нүдэнд харагддаг эрлэгийн элч нар байв даа. “Ногоон малгайтнууд” л гэхээр хөгшин залуу бүгд л сэртэсхийж айдас хүйдэст автдаг байсан гэнэм. Тэр цаг үе Монголын түүхийн хар бараан хэсэг болж үлдсэн ч өнөө цагт, шинэ цагийн “Ногоон малгайтнууд” бий болжээ гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ярилцлагадаа дурьджээ. Бас “машин”, “машиндах” гэдэг үгс ч байна. Бид машин унаад явахыг машиндах гэдэггүй. Энэ үг огт өөр агуулгаар хэрэглэгджээ. Ойлгомжтойгоор тайлбарлавал “Мах машиндах”. Тэгвэл улс төрд юуг машинддаш юм бэ?. Ердөө л золиосны хүнийг “машинддаг” аж. Эл аймшигт “машиндагч” нь АТГ болох гээд байна уу даа гэсэн хар өөрийн эрхгүй сэтгэл хирдхийлгэх. ....Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг.

Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй. Шаардлагатай бол харин ч хатуу тэмцэнэ. АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Тэгээд эндээс гарч байгаа хэрэг хараат бус байх ямар ч боломжгүй болно. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа... ...Золиос.... Өдөр шөнөгүй харийн элдэв аллага таллагатай цуврал кино үзсээр байгаад “Золиос” гэдэг үгтэй бид аль хэдий танил болсон. Гэвч нүүр тулна гэж яахин мэдэх билээ дээ. Улс төрд энэ аль хэдий нүүрлэжээ. Тэр золиос нь Монгол улсын Ерөнхий сайд байна гэж бодоод үз дээ. Бүхэл бүтэн тусгаар улсынхаа Ерөнхий сайдыг улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхолын төлөө зольж байгаа юм шиг ард түмэн бид “юу” болох вэ? Бодохоос ч жихүүцэм. ...Шуудхан хэлэхэд хүмүүс намайг ямар ч үнээр хамаагүй албан тушаалд үлдэх хүсэлтэй хүн байна гэж харж байсан байх. Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ. Үүнийг ганц би хэлээд байгаа юм биш.

Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн.

Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдэстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой.

Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй. Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг гэсэндээ би энэ бүхнийг ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй... ...Шахалт... Монгол улс “Толгой”-гоороо алдаршсан улс. Дэлхий мэднэ дээ энэ толгойнуудыг. Гэтэл бил тэр сайхан эрдэнэт толгойн хишгээс хүртэх хувь байна уу, эх орныхоо эзэн нь мөн юм уу гэсэн асуулт өөрийн эрхгүй ургалаа. Яагаад гээч? ...Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага… Ийм л байна. Оюутолгойн гэрээ маш сайн болсон, бид удахгүй Арабын шейх шиг амьдрах болно, Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэнэ гэж хэн цээжээ дэлдээд байлаа даа. Энэ мэтээр эрхэм гишүүний хэлсэн ярьсан үг болгон дээр дүгнэлт хийж эргүүлэн урвуулан бодоод байвал зөв юм шиг гоё ярьж буруу үйлийг давраадаг ноёдын үг, үйлдэл нь алд дэлэмээр зөрдөг төдийгүй “Аймшигт” үйлдлүүд бийг Н.Алтанхуяг дэлгэлээ. Харин хэрхэн хүлээн авахаа уншигчид мэдтүгэй.