Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын хоёр дахь лекц боллоо. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан.

Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир “Боломж бүрээ ашигла” сэдвийн хүрээнд залуустаа  нээлттэй ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн ярилцлагаараа Т.Санчир гэдэг хувь хүний талаар түлхүү мэдээлэл өгсөн юм. Түүний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан нас, анхны хайр, гэр бүл гээд бүхий л дурсамжаа хуваалцсан юм. Түүнчлэн монголын сагсан бөмбөгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил гээд өөрийн бодлоо ч нуулгүй илэрхийллээ. Мөн тэрбээр залуустаа хандан хэлэхдээ нэгдүгээрт Хөдөлмөрч, хоёрдугаарт Зарчимч, гуравдугаарт Шударга байхыг захилаа.

Мөн залуус өөрсдийн сонирхсон асуултуудыг тавьж, нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм. Энэ удаагийн тайзны засалтыг "Olimpus" спортын төрөлжсөн барааны их дэлгүүр дэмжин ажилсан гэдгийг дуулгая. Харин энэ долоо хоногийн “Залуу хүн” цуврал лекцийн зочноор “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож залуустаа өөрийн мэдлэгээсээ хуваалцах болно.