2154201322214455Засгийн газрын зургаан сайдын гурвыг нь АН-аас томилохоор тохиролцсон нь тус намынхныг дахин хоорондоо “байлдахад” хүрэв. Х.Батхүү, Х.Баттулга гэдэг хоёр хүний хооронд энэ тулаан өрнөж буй ч хараад сууж байгаа намынхаа бусад фракцийнхныг төдийгүй эцсийн мөчид их хурлаар батлагдахад кноп дарах парламент тэр чигээрээ талцаж байна.

Г.Батхүү туршлагатай. Хоёр удаа энэ салбарт сайд албан хашсан тэрээр үндсэндээ энэ салбарыг өөрийнх нь гэж боддог бололтой. Өрсөлдөгч Х.Баттулга нь 2008 оны сонгуулиас хойш яг тэгж боддог болсон. Одоо хоёр хөршийн геополитикийн элч аятай авирлагч энэ хоёр “их шуналтны” дунд Зам тээврийн сайд гэдэг ганцхан аа эрх мэдэл байгаа нь шоглоом гэлтэй. Хэн хэн нь ялагдах эрхгүй. Тэгвэл тэд юугаараа ялгаатай вэ. Х.Баттулгын хувьд эх орон тусгаар тогтнол ярьсаар бараг эх оронч гэдэг хочтой болсон. Энэ бол ичих зүйл биш байхаа. Хийсэн ажлын хувьд ард түмэн түүний хийсэнд тэгтлээ гомдоод байдаггүй, харин өөрийн хүмүүсээ залгамжлан үлдээсэн нь энэ салбарыг атгасан оосроосоо алдаж болохгүй тийм өндөр эрх ашиг байна гэсэн хар төрүүлсэн байж болох юм. Хийгээгүй ажлынх нь хувьд мөнгөгүйн зовлон ч байлаа, улс төрийн учир шалтгаан ч байсан. Нэгэнт Х.Баттулга бодлогыг нь барьж байсны хувьд л хариуцлага хүлээх, мөнгө цацах хоёр гол ажлаас бусдыг нь “Баттулгын хүн” хочитнууд хийдэг байсан болохоор тэр эдийн засгийн тооцоолол сэлтийг өөрөө ярьдаггүй байв.

Дараагийн их шуналтан нь Г.Батхүү. “Шунхлай”, “АПУ” хоёргүйгээр улстөрч Г.Батхүүг ч, түүний сонгуулийн ялалтыг ч төсөөлөхөд бэрх. Монголчуудыг архинд живүүлэхэд их хувь нэмэр оруулсан түүний хайртай Зам тээврийн сайдын суудлыг Архины хяналтын тухай хууль санаачилсан Л.Эрдэнэчимэгтэй булаалдан яваа нь сонин тохиолдол. Тиймээс Л.Эрдэнэчимэг бол эмийн санч гэдэг дүнхүү пиараа өнөөх архи зарж олсон мөнгөөрөө гамгүй цацаж байна.

Г.Батхүү 1999-2000 онд Дэд бүтцийн сайдаар, 2004-2006 онд Г.Батхүүг Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажилласан. Энэ хугацаанд найз Б.Цогоогоо МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар, эдүгээ Худалдан авах авах ажиллагааны газрын даргаар ажиллаж буй Ю.Идэрцогтыг тэр үед дэд бүтцийн яаманд харъяалагдаж байсан “Монгол шуудан” төрийн өмчит компанийн захирлаар, Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар томилж амьдралыг нь өөд татаж гарын хүмүүсээ болгож байсныг нь хэвлэлийнхэн түүхэнд мөнхөлж үлдээсээр байдаг.

Харин өнөөдрийн байдлаар Зам тээврийн сайдад өрсөлдөж байгаа Г.Батхүү юугаараа өөр бол. Ямартай ч УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар байгаа нь түүнийг энэ салбарт ирэхэд угтах хүч хангалттайг харуулж байна. Автозам, агаарын тээврийн салбарт ч өөрийн хүмүүс нь бий. Харин далайчин найзтай эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Аягүй бол Байгал нууранд сэлээд байсан Ерөнхийлөгч маань үүнд хамаарч мэдэх юм шүү.

Түүний өмнө өнөөдөр хавьгүй том эрх ашиг байна. Арван жилийн өмнөх Зам тээврийн сайдын бодож байсантай харьцуулбал инээд хүрэм. “Энержи ресурс” гэдэг айхавтар том нэгтгэл анх 14 хөрөнгө оруулагчтай байснаас одоо MCS, Шунхлай, Петровис гурав л үлдсэн гэдэг. Шунхлай, Петровис хоёрт МИАТ-ыг түлш шатахуунаар хангах монополь эрх олгочихвол Г.Батхүү баяжихгүй, хожихгүй гэж үү. Магадгүй сайд болсныхоо маргааш асар өндөр дүрмийн сантай, аягүй боломжийн үнийн саналтай компани байгуулаад нөгөөдөр нь тендерт ялсан юмаа гэхэд болохгүй юмгүй бол цаг шүү дээ. Энэ бүхэн “Г.Батхүү Зам тээврийн сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгийг хэлээд өгч байгаа бус уу.

“Энержи ресурс” гэдэг үндэсний компани нэртэй эвгүй хүмүүсээр дүүрэн, адал явдал ихтэй энэ компанид манай өнгөрсөн үеийн бүх Ерөнхийлөгч холбоотой. Арай холуур буюу ашгийг нь хүртэж амжаагүй нь Н.Энхбаяр боловч одоо бол үүнийхээ хариуг нөхөж хүртээд сууж байна. Одоогийн Ерөнхийлөгч маань хүртэл Энержи ресурсын талд дуугардаг болсноо Тавантолгойн гэрээ байгуулах талаар хүчтэй яригдаж байхад харагдсан билээ. Тэр ч байтугай Х.Баттулга гишүүнийг загнаж шоудчихаад Хятад руу ниссэн. Саяхан Прокурорын байгууллагын ойг түүхэнд мөнхөлж УИХ-ыг тэр чигээр нь даапаалж, загнаж, доромжлоод дараа нь УИХ тарах ёстой гэж гарын дорх хүмүүсээрээ хэлүүлчихээд Хятад руу нисэх гэж байна.

Г.Батхүү ч гэсэн урд хөршид чухал хүмүүсийнх нь нэг. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ян Жэчи Монголд ирж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулан 2010 онд УИХ-аас баталсан төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн нь олон монгол хүний дургүйг хүргэсэн. Тэр үед ч үүнийг Г.Батхүү гишүүнтэй холбон тайлбарлаж байсан. Хятадын талын зарим түшмэл энэ өдрүүдэд Монголын парламент дахь найзууддаа Г.Батхүүг дэмжээрэй гэж захиж байна гэлцэх. Энэ бүхэн Г.Батхүү туршлагатай учраас Тавантолгой төслийг ч, шинэ төмөр замын ажлыг ч урагшлуулна гэдэгт итгэхэд хүргэж байгаа бололтой. Харин Монголд ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай, бас нэр цэвэр хүнээр төрөө бариулдаг уламжлалтай гэдгийг хатуухан сануулахад хүргэж байна. Түүний Зам, тээврийн сайд болох гол зорилго нь “Энержи ресурс”-ын гол хөрөнгө оруулагч учраас дампуурах гэж байгаа компаниа аврах, бүр чухал нь төмөр зам барих эрхийг Шенхуад өгөх явдал юм. Хамгийн зөөлнөөр хэлэхэд ядаж Г.Батхүү “Шунхлай”-н эзэн биш, Энержи ресурст хамааралгүй байсан бол нүдээ аниад л томилог гэх байлаа. Гэхдээ Г.Батхүү Монгол Улсын дэд бүтцээр гурвантаа тоглох ямар гээчийн их хувь заяатай хүн юм бол доо. Азгүй, ядуу төрийн гамшиг гэгч энэ үү.

Эх сурвалж: Намбус.мн А Батгэрэл